Судалгааны баг
Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн баг
Карин Декенбах: Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн Монгол дахь төслийн менежер. Хил хязгааргүй сэтгүүлчдийн багт нэгдэхээсээ өмнө олон жил сэтгүүлч, редактор, олон улсын сурвалжлагчаар Сингапур, Бангкок, Мадрид болон Вашингтонд ажиллаж байсан. 2013 – 2016 онд Мянмар улсад Европын холбооны санхүүжилт бүхий Цагдаагийн шинэчлэл төслийн “ Иргэний нийгэм ба хэвлэл мэдээлэл” хэсэгт ажилласан. Тэрээр мөн Германы томоохон хоёр ТББ-д нийгмийн бодлого, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хариуцсан хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилласан. Германы Марбург дахь Филипс Их Сургуулийг улс төр судлалаар төгсч магистрын зэрэг хүртсэн.
Мягмарын Мөнхмандах Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар 2003 оноос ажиллаж байна. Хэвлэлийн Хүрээлэн нь хэвлэл мэдээллийн судалгаа эрхэлж, сэтгүүлчдийг сургадаг, мөн хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч байдлыг дэмжиж ажилладаг Монголын тэргүүлэгч ТББ юм. М.Мөнхмандах нь Хэвлэлийн Хүрээлэнг удирдах үүрэг хүлээхээсээ өмнө тус байгууллагын судлаач, судалгааны албаны даргаар ажиллаж байв. М.Мөнхмандах Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудлаар ХБНГУ-ын Лайпцигийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Гонгорын Гүнжидмаа Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны даргаар 2003 оноос хойш, Хэвлэлийн Хүрээлэнд судлаачаар 2001 оноос ажиллаж байна. Тэрээр тус Хүрээлэнд хэрэгжиж буй бүхий л мэдээлэл, судалгааны төслийг зохицуулж, зохион байгуулдаг. Г.Гүнжидмаа Санхүү Эдийн Засгийн Сургуулиас Бизнесийн удирдлагын магистр зэрэг хүртсэн. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийн хувьд судалгааны ахлагчаар ажилласан.
Намсрайн Ганчимэг Хэвлэлийн Хүрээлэнгийн болон эзэмшлийн мониторинг төслийн ахлах судлаач. Монгол Улсын Их Сургууль, Шихихутуг ХЗДС-ийг төгссөн. Социологич, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа IRIM Судалгааны хүрээлэнгээс эхэлсэн бөгөөд хэвлэл мэдээллийг задлан шинжлэх чиглэлээр 8 жил ажиллаж буй. Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Дэлхийн Банк, Азийн сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг болон бусад олон улсын байгууллагын санхүүжилт бүхий судалгааны төслийг хэрэгжүүлсэн.
Дуламсүрэнгийн Пунсанцогвоо Хэвлэлийн Хүрээлэн болон эзэмшлийн мониторинг төслийн судалгааны ажилтан. Монгол Улсын Их Сургуулийг социологич мэргэжлээр дүүргэсэн. Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх, цахим мэдээллийн хэрэгсэл болон дижитал мэдээллийн чиглэлээр ажилласан туршлагатай. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн төслийн багт телевизийн эзэмшлийн судалгааг хариуцаж хэрэгжүүлсэн.
Дашийн Мөнхбүрэн хуульч, Монголын хуульчдын холбооны гишүүн. Ашгийн бус Глоб Интернэшнл ТББ-д ажилладаг бөгөөд иргэдэд зөвлөлгөө өгөх зорилго бүхий 20 гаруй ном, нугалбар, гарын авлага хэвлүүлсэн. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төслийн хүрээнд эрх зүйн орчны үнэлгээний зөвлөхөөр ажилласан.
Лиза Мариа Кречмар Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийн зохицуулагч, судалгааны ахлагч. Тэрээр эзэмшлийн мониторингийн төслийг Филиппин улсад хариуцаж хэрэгжүүлсэн. Өмнө нь Германы Хөгжлийн Агентлагт болон Германы Парламентад хүний эрхийн асуудал хариуцан ажиллаж байсан. 2011 онд Мюнхений Людвиг Максимилианы Их Сургуульд зөрчлийн нөхцөлд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн талаарх олон улсын судалгааны төслийн багт ажилласан. Энэхүү болон судалгааны бусад туршлагадаа үндэслэн Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төсөлд хувь нэмрээ оруулж, хүний эрхийн асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэрээр Германы Людвиг Максимилианы Их Сургуульд болон Берлиний Чөлөөт Их сургуульд, мөн Нидерланд, Дани болон Израэль улсад улс төрийн мэдээллийн харилцаа, сэтгүүл зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
Олаф Штенфадт Хил хязгааргүй сэтгүүлчдийн "Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг" төслийн удирдагч. Олон жилийн туршид хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын зөвлөхөөр хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудад Зүүн өмнөд Европ, болон Арабын улсуудад ажилласан. Тэрээр мөн Германы олон нийтийн ARD болон ZDF телевизэд нэвтрүүлэгч, эрэн сурвалжлах сэтгүүлч, дотоодын мэдээний болон олон улсын сурвалжлагч, хөтөлбөрийн маркетинг хариуцсан мэргэжилтэн зэрэг олон янзын ажил, албан тушаал хариуцан ажиллаж байсан. Олаф Штенфадт хэвлэл мэдээллийн түүх, хэвлэл мэдээллийн хөгжлийн бодлого зохицуулалтын талаарх Герман болон Европын их, дээд сургуулиудад хичээл заадаг.
Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан юм. Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн билээ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн сургалт, судалгаа, мэдээллийн үйлчилгээнд төвлөрдөг.
Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны баг “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” төслийн түнш болохоосоо өмнө хэвлэл мэдээлэлтэй холбоотой 70 гаруй урт, богино хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, жил бүр хэрэгждэг Хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик суурь мэдээллийг бүрдүүлж буй. Энэхүү судалгаа нь тус Хүрээлэнгийн нэр хүндийг хараат бус судалгааны байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бэхжүүлсэн юм. Түүнчлэн тус Хүрээлэнгийн судалгааны баг хэвлэл мэдээллийн агуулгын судалгааны арвин туршлагатай бөгөөд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн мониторингийг тогтмол хэрэгжүүлдэг.
Тус хүрээлэн Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн "Чөлөөт хэвлэл" (1995 - 1999), НҮБ-ын ХХ-өөс санхүүжсэн "Ардчилал ба сэтгүүл зүй" (1997 - 2000), ТАСИС-аас санхүүжсэн "Хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт" (1999 - 2001), ДАНИДА-аас санхүүжсэн "Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг" (1999 - 2002) Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004), ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005), Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”ын төсөл (200-2007), Нээлттэй Нийгэм Форумын санжхүүжилтээр “Олон нийтийн радио телевизийн хөтөлбөрийн мониторинг” (2007-2008,2011), Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй хамтран “Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бий болгох нь” ( 2010-2011), ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр "Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлзүйн сургалтын нөөц бий болгох нь" (2013), ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр "Монголд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгох нь" (2014-2016), "Монголд Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх нь" (2014 – 2017), Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Ядуурлыг бууруулах чиглэлээр стратегийн мэдээллийн харилцааны чадавхыг хөгжүүлэх нь” (2015) зэрэг урт хугацааны олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Хил хязгааргүй сэтгүүлчид
Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporter Sans Frontières, RSF) байгууллагыг Франц улсад 1985 онд дөрвөн сэтгүүлч үүсгэн байгуулсан юм. Энэхүү байгууллага нь Франц улсад төрийн бус байгууллагын статусаар бүртгүүлсэн бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон ЮНЕСКО-гийн зөвлөх байгууллагын эрхтэй. Хил хязгааргүй сэтгүүлчид нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх чөлөө, аюулгүй байдлыг дэлхий дахинаа хамгаалдаг. Уг байгууллагын эрхэм зорилт нь
- Мэдээллийн эрх чөлөөний зөрчилд тогтмол олон улсын мониторинг хийх;
- Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний эрх чөлөөнд халдсан тохиолдлыг нийтэд зарлах;
- Засгийн газартай цензурын эсрэг, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтын эсрэг хамтран ажиллах;
- Хавчлага, дарамтанд өртсөн сэтгүүлчид, тэдний гэр бүлд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
- Дайны нөхцөлд ажиллаж буй сэтгүүлчдэд материаллаг дэмжлэг үзүүлж, тэдний аюулгүй байдлыг баталгаажуулах.
1994 оноос уг байгууллагын Герман дахь салбар Берлин хотноо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Германы салбар нь Хил хязгааргүй сэтгүүлчдийн олон улсын Парис дахь төвтэй нягт холбоотой байдаг хэдий ч санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажилладаг юм. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийг Хил хязгааргүй сэтгүүлчдийн Герман дахь салбар ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагааны яамны санхүүжилтээр Монгол, Колубм, Камбож, Тунис, Украин, Турк, Филипин болон Перуд хэрэгжүүллээ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн бүртгэл буюу
Global Media Registry (GMR) буюу Дэлхийн хэвлэл мэдээллийн бүртгэл нэртэй байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн орчин нөхцөлийн талаар багц мэдээллийг цуглуулж, эмхэтгэн, нийтэд нээлттэй нийтлэх буюу тайлагнадаг. Ингэснээр мэдээллийн орон зайн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зорьж буй хэрэг. Тиймээс GMR нь оролцогч талуудын алгоритм болон хүний аль алинд илүү оновчтой сонголт хийх, шийдвэр гаргахад тус болно гэсэн үг. Оролцогч талуудад, тухайлбал, иргэн, хэрэглэгч, зохицуулагчид болон хандивлагчид, түүнчлэн хувийн хэвшил, тухайлбал зар сурталчилгаа түгээгч, зуучлагч (платформ, түгээгч гэх мэт) багтаж болно. GMR-ээс энэхүү олон нийтэд зориулсан үйлчилгээг үзүүлснээр үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чөлөөг бүхэлд нь сайжруулахад хувь нэмэр оруулж буй юм. Уг байгууллага нь "Media Ownership Monitor" буюу хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслөөс салангид хэлбэрээр үүсгэн байгуулагдсан, ХБНГУ-ын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй ашгийн төлөө бус ХХК юм.