Арга зүй
Онолын хэсэг: Хэвлэл мэдээллийн олон ургальч байдал нь ардчилсан нийгмийн амин сүнс болох тухай
Хараат бус, эрх чөлөөт, олон ургальч хэвлэл мэдээлэл нь олон янзын үзэл бодол, тухайлбал шүүмжлэлт байр суурийг олон нийтэд түгээх боломжийг бүрдүүлдэг тул хэвлэл мэдээллийн олон ургальч байдал нь ардчилсан нийгмийн амин сүнс юм.
Зарчмын хувьд дотоод болон гадаад олон ургальч байдлыг ялгадаг. Дотоод олон ургальч байдал нь хэвлэл мэдээллийн агуулгад нийгэм, улс төрийн олон янз байдал хэрхэн тусгагдаж буйг илэрхийлнэ. (Жишээлбэл соёл, улс төр, үзэл суртлын олон янзын бүлэгт зориулсан янз бүрийн агуулга байгаа эсэх). Гадаад олон ургальч байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл зүйл, олон янз байдлыг хамааруулна.
Хэвлэл мэдээллийн төвлөрөл нь олон ургальч байдлыг дараах байдлаар хязгаарладаг:
- Тухайлбал цөөхөн тоглогч олон нийтийн санаа бодолд нөлөөлж, өөр бусад үзэл бодол, байр суурь бүхий сувгийн хувьд зах зээлд нэвтрэх босго хэт өндөр байх (хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрөл);
- Хэвлэл мэдээллийн агуулга тодорхой байр суурь, тодорхой сэдэв, санаанаас хэтэрдэггүй байх (хэвлэл мэдээллийн агуулгын төвлөрөл);
- Хэвлэл мэдээллийн хэрэглэгчид тодорхой цөөн хэрэгслийг л үзэж, уншиж, сонсдог болох (хэрэглэгчдийн төвлөрөл).
Зорилго: Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг бий болгох
Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын олон янзын нөхцөл, шалтгаан дундаас энэхүү судалгааны төсөл нь гадаад олон ургальч байдал, эзэмшлийн төвлөрлийн асуудалд анхаарлаа түлхүү хандууллаа.
Тийнхүү судлах явцад хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдал хангалтгүй байгаа нь хамгийн гол бэрхшээлийг учруулж байв. Иргэд хүлээн авч буй мэдээлэл нь хэнээс ирж буйг мэдэхгүйгээр итгэл найдвартай эсэхийг нь хэрхэн дүгнэх вэ? Сэтгүүлчид өөрсдийнх нь ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн хянаж буйг мэдэхгүйгээр хэрхэн үр дүнтэй ажиллах вэ? Шийдвэр гаргагч, бодлого зохицуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нуугдмал байх тохиолдолд төвлөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Тиймээс Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн хянаж байна вэ?” хэмээх асуултад дараах байдлаар хариу өгөхийг хичээв.
- Телевиз, сонин, радио, цахим зэрэг олон янзын томоохон мэдээллийн хэрэгслийн эзэд, тэдний ашиг сонирхлын талаарх мэдээллийг ил тод болгох;
- Хэрэглэгчийн зах зээлийн төвлөрөл олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл яцад хэрхэн нөлөөлж болзошгүйг задлан шинжлэх;
- Хэвлэл мэдээллийн төвлөрлийг зохицуулах арга хэрэгсэл, тэдгээрийн хэрэгжилтийн талаар тодруулах.
Арга зүй: Мэдээлэл цуглуулах үйл явц
Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төсөл нь Монголын голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн жагсаалтыг тогтсон аргачлалын дагуу гаргаж, олон нийтэд ил тод болгох үйл явц юм. Судалгааны хүрээнд дараах асуултуудад хариулахыг зорив: “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ”, “Эзэд ямар ашиг сонирхол, хамааралтай байна вэ”, “Тэд тухайн байгууллагад шийдвэр гаргах түвшний ямархуу үүрэг оролцоо, харилцан хамааралтай байна вэ”, „Олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл явцад хэн нөлөөлж байна вэ?“
Мэдээлэл бүрдүүлэх ажлын зорилго нь оролцогч талуудыг олж мэдээд зогсохгүй, тухайн мэдээллийн хэрэгслийг хэн хянаж байна вэ гэдгийг олж тогтоох явдал байв. Үүний зэрэгцээ чанарын мэдээлэл цуглуулах зорилгоор Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн болон эрх зүйн орчны үнэлгээг хэрэгжүүлсэн болно. Судалгааны мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаачид Хил хязгааргүй сэтгүүлчидтэй хамтран бүрдүүлэв.
Судалгааны хэрэгсэл: Эзэмшлийн мониторингийн удирдамж
Мэдээлэл бүрдүүлэх үйл явц дараах хэсгээс бүрдсэн дэлгэрэнгүй удирдамжийн дагуу явагдсан болно:
- A бүлэг “Орчин нөхцөл”: хэвлэл мэдээллийн зах зээл болон түүний орчин нөхцлийн талаар, тухайлбал эзэмшлийн зохицуулалт, улс орны тухай суурь мэдээлэл. Энэхүү бүлэг нь дараах хэсгүүдийн мэдээлэл болон олон ургальч байдлын эрсдлийн дүгнэлтийг орчин нөхцөлд нь хамаатуулан ойлгоход тус болно.
- B бүлэг “Хэвлэл мэдээллийн зах зээл”: олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл явцад ач холбогдол бүхий мэдээллийн хэрэгслийн төрлүүдийг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаанд үндэслэн сонгоно. Тийнхүү сонгохдоо телевиз, радио, сонин, цахим хэрэгслийн төрөл тус бүрээс дор хаяж арвыг судалгаанд хамруулна.
- C бүлэг “Эзэмшил”: хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөө бүхий эзэн, хөрөнгө оруулагчдын тухай мэдээлэл цуглуулна. Голлох компаниудын эдийн засгийн хүчин чадлыг тодорхойлох, эзэмшлийн шинж чанарыг тогтоох.
- D бүлэг “Шалгуурууд”: хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлөөс үүдэлтэй эрсдлийн индексийг тооцоолох аргачлал буюу шалгууруудыг тайлбарлана.
Судалгааны удирдамжийг урьд өмнө хэрэгжүүлсэн хэвлэл мэдээллийн эзэмшил, олон ургальч байдлын судалгааны аргачлалд суурилж боловсруулав. Ялангуяа шалгууруудыг Европын Их Сургуулийн Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургальч байдлын төвөөс Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн судалгаанд үндэслэн боловсруулав.