This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 04:14
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын эрсдлийн үнэлгээ



Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн төвлөрөл

Энэхүү шалгуурын тусламжтайгаар хэвлэл мэдээллийн төвлөрлийг хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувиар нь үнэлэв. Ингэхдээ тухайн зах зээл дэх Топ 4 эзэмшигчийн мэдээллийг ашигласан болно. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт тухайн зах зээлийн Топ 4 эзэмшигчийн хэрэглэгч / уншигч / захиалагчдын хувь хэмжээг тооцоолж үнэллээ. 

Монголд телевиз үзэгчийн судалгааг эс тооцвол хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн нарийвчилсан судалгааг тогтмол хийдэггүй. Хэвлэлийн Хүрээлэн хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгаагаа 2014 оноос санхүүгийн шалтгаанаар зогсоосон.

2011 оноос эхлэн хувийн Максима ХХК телевиз үзэгчдийн судалгаа хийж, борлуулж байна. Хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн борлуулалтын мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” тайлангаас авах боломжтой. Радио болон цахим сайтын хэрэглэгчдийн мэдээллийн хувьд, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамгийн сүүлд хэрэгжүүлсэн санал асуулгын судалгааг энэхүү үнэлгээнд ашигласан боловч үүнд зах зээлд эзлэх хувийн талаарх мэдээлэл багтаагүйг тэмдэглэж байна.  (D-1 хэсгийг үзнэ үү) .

 Үр дүн

TВ-ийн зах зээлийн төвлөрөл дунд түвшинд байна.

 Хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн зах зээл өндөр хэмжээнд төвлөрсөн байна.

 Радиогийн зах зээлийн төвлөрөл дунд түвшинд байна.

 Цахим мэдээллийн хэрэгсэл өндөр хэмжээнд төвлөрсөн байна.

 Телевиз: 

Телевизийн салбарын ТОП 4 эзэмшигч тухайн салбарын хэрэглэгчийн зах зээлийн 30,3 хувийг эзэлж буй тул TВ-ийн зах зээлийн төвлөрөл дунд түвшинд байна хэмээн үнэлэв. 
Олон нийтийн статус бүхий МҮОНТ нэг, хоёрдугаар сувгийн үзэгчийн нийлбэрээрээ зах зээлд хамгийн том хувийг буюу 18,1 %-ийг эзэлж байна. Тус телевизэд улс төрийн нөлөө өндөр учир олон нийтийн санал бодолд тодорхой сонирхлоор нөлөөлөх боломж өндөр гэж үзэв. Хувийн хэвшлийн Монгол ТВ үзэгчийн зах зээлд 5,5 хувийг эзэлж, UBS ТВ нь  3,4 хувиар удаалсан бол TV9 үзэгчдийн зах зээлд 3,3 хувьтайгаар ТОП-4-ийн дөрөвт жагсаж байна.  

ТВ-ийн салбарын ТОП 4

Хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувь

MNB (МҮОНТ)

18,1 %

Монгол ТВ

5,5 %

UBS

3,4 %

TV9

3,3 %

БҮГД

30,3 %

 

Сонин
Сонины борлуулалтын мэдээлэл Монголд төдийгүй бусад оронд ч маргаантай байдаг. Судлаачдын үзэж буйгаар, сонинууд зар сурталчилгааны орлогоо нэмэгдүүлэх зорилгоор борлуулалтын тоогоо өсгөж мэдээлэх хандлагатай байдаг. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийн баг Хэвлэлийн Хүрээлэнгийн Монголын “Хэвлэл мэдээлэл өнөөдөр” судалгааны тайланг энэхүү үнэлгээнд үндэс суурь болгон ашигласан болно (D-1).

Уг судалгааны мэдээллээр, хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн зах зээл өндөр хэмжээнд төвлөрсөн байна. Тодруулбал, голлох дөрвөн эзэн тухайн зах зээлийн 64 хувийг эзэлж буй. Зөвхөн Өдрийн сонин буюу Өдрийн мэдээ ХХК дангаараа сонины борлуулалтын 24, 9 хувийг эзэлж байна. Үүний дараа Өнөөдөр сонин буюу Монгол Ньюс Групп 15,8 хувь, гуравт Зууны мэдээ буюу ЗГСМ ХХК 12 хувь, дөрөвт Үндэсний шуудан  буюу Моодун Хаан Групп ХХК 11,3 хувийг эзэлж байна.

Сонины салбарын ТОП 4

Хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувь

Өдрийн сонин /Өдрийн мэдээ ХХК 

24,9 %

Өнөөдөр /Монгол Ньюс Групп

15,8 %

Зууны мэдээ /ЗГСМ ХХК 

12,0 %

Үндэсний шуудан/ Моодун Хаан Групп ХХК

11,3 %

БҮГД

64,0 %

 

Радио: 
Радиогийн хэрэглэгчийн зах зээлийг үнэлэхийн тулд Хэвлэлийн Хүрээлэнгийн санал асуулгын судалгааг буюу хэрэглэгчдийн чанарын мэдээллийг ашигласан болно. (D-1 хэсгийг үзнэ үү)

Монголд хүртээмжээрээ хамгийн дээгүүрт Монголын Үндэсний Радио, түүний  FM 106,0 суваг орж байна. Үүний дараа Агрегатор ХХК-гийн эзэмшдэг Шинэ Монгол радио 101.7,  гуравт Салхи Энтертэйнмент ХХК-ийн Гэр бүлийн радио 104.5, дөрөвт Д.Батбаярын эзэмшдэг Эх элгэн нутаг ХХК-ийн Элгэн нутаг FM 96.9 жагсаж байна. Энэхүү радио нь сонгодог уран зохиолыг радио нэвтрүүлгийн хэлбэрээр сонсогч олонд хүргэдгээрээ онцлогтой. Олон нийтийн радиог эс тооцвол мэдээллийн төрөл зүйлээрээ зах зээлд ноёрхох өөр радио Монголд үгүй байна.

Радио сонсогчийн зах зээлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл үгүйлэгдэж буй тул бид зөвхөн Хэвлэлийн Хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгааны мэдээллийг ашиглахаас өөр сонголт үгүй байв. Тус Хүрээлэнгийн судалгаа нь зөвхөн багцаалсан мэдээллийг өгч буйг анхаарна уу. Уг мэдээллээр, радиогийн салбарын ТОП 4-радио нь хэрэглэгчийн зах зээлийн 36 орчим хувийг эзэлж байна.  

Тийм учраас радио зах зээлийн төвлөрөл дунд түвшинд байна хэмээн үнэлэв.

Радиогийн салбарын ТОП 4

Хамгийн түгээмэл радио

МҮОНР

МҮОНР 106

Шинэ Монгол Долгион ХХК

Шинэ Монгол радио 101.7

Салхи Энтертэйнмент ХХК

Гэр бүлийн радио 104.5

Эх элгэн нутаг ХХК

Элгэн нутаг FM 96.9

БҮГД

 Хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувь: Ойролцоогоор  36 хувь

Цахим мэдээллийн хэрэгсэл: 
Цахим мэдээллийн хэрэгслийн хүртээмжийг хэмжихийн тулд Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн судалгааны тайланг ашиглав. Тодруулбал, тодорхой цахим мэдээллийн хэрэгслийг өчигдөр болон өнөөдөр ашигласан хүний хувь хэмжээний талаарх тоо баримтад үндэслэн шалгуурын үнэлгээг хийлээ. (D-1-ийг харна уу)

Цахим сайтаас хамгийн түгээмэл нь Монгол Контент болон түүний толгой компани болох Мобикомын эзэмшдэг www.gogo.mn, хоёрдугаарт Ньюс Агентлагийн эзэмшдэг www.news.mn, гуравдугаарт 9 хувийг нь Оллоо ХК-ийн эзэмшдэг www.olloо.mn, дөрөвдүгээрт 7 хувийг нь Бенекрафт ХХК-ийн эзэмшдэг www.ikon.mn орж байна.

Эдгээр дөрвөн мэдээллийн хэрэгсэл цахим сайтын хэрэглэгчийн зах зээлийн 52 хувийг эзэлж буй учир цахим мэдээллийн хэрэгсэл өндөр түвшинд төвлөрсөн байна хэмээн дүгнэв.  

Цахим мэдээллийн хэрэгслийн ТОП 4

Өчигдөр, өнөөдөр ашигласан хэрэглэгчдийн хувь хэмжээ

Gogo.mn / Монгол Контент ХХК

18 %

News.mn / Ньюс Агентлаг ХХК

18 %

Olloo.mn / Оллоо ХК

9 %

Ikon.mn / Бенекрафт ХХК

7 %

БҮГД

52 %

  

Төвлөрлийн шалгуур:

БАГА (1)

ДУНД (2)

ӨНДӨР (3)

Хэрэглэгчийн төвлөрөл 

 

Хэрэв нэг улсын 4-н гол эзэмшигч (Top4) үзэгчдийн 25- аас доош хувийг хувааж байвал

Хэрэв нэг  улсын  4-н гол эзэмшигч (Top4) үзэгчдийн 25 – 49 хувийг хувааж байвал.

Хэрэв нэг  улсын  4-н гол эзэмшигч (Top4) үзэгчдийн 50-ээс дээш хувийг хувааж байвал

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрөл

Энэхүү шалгуур нь хэвлэл мэдээллийн салбар дахь эзэмшлийн хөндлөн төвлөрлийг ТОП 4 эзэмшигчийн мэдээлэлд үндэслэн тодруулах зорилготой. Өөрөөр хэлбэл мэдээллийн хэрэгслийн төрөл бүрээс Топ дөрвөн эзэмшигчийн зах зээлд эзлэх хувийн нийт дүнг тооцоолж, төвлөрлийн түвшинг үнэлдэг.

Судалгааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн мэдээлэл бүрдээгүй учир энэхүү шалгуурын дагуу хөндлөн төвлөрлийг үнэлэх боломжгүй байв. Судалгаанд хамрагдсан 12 сонины гурав нь, зургаан радиогийн дөрөв нь, 11 телевизийн хоёр нь, арван сайтын хоёр нь санхүүгийн холбогдолтой зарим мэдээллээ, голчлон зар сурталчилгааны орлоготой холбоотой мэдээллээ  ирүүлсэн юм. (Компаниудын талаарх мэдээллийг үзнэ үү) 

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн аргачлалын дагуу, хэрэв тухайн улс хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн тухай тоо баримттай боловч санхүүгийн мэдээлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээний талаарх мэдээлэл үгүй бол зах зээлийн мэдээллийг задлан шинжилгээнээс хасч, зөвхөн хэрэглэгчийн хувь хэмжээг харгалздаг.

Үр дүн: Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлийн шалгуур – Мэдээлэл байхгүй  

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн зохицуулалт

Энэхүү шалгуурын тусламжтайгаар хэвлэл мэдээллийн эзэмшил, хяналтын хөндлөн төвлөрлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт болон түүний хэрэгжилтийн түвшинг үнэлсэн болно.  

Үр дүн: Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд хэвлэл мэдээллийн төвлөрөл, ноёрхлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах ямар нэгэн зохицуулалт байхгүй. 2010 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Өрсөлдөөний тухай хуульд хэвлэл мэдээллийн салбар дахь төвлөрөл, ноёрхлын асуудлыг тусгайлан зохицуулах заалт ороогүй. Тийм ч учраас Өрсөлдөөний тухай хуулиар өргөн нэвтрүүлэг болон цахим мэдээллийн хэрэгслийн зохицуулалтыг хариуцаж буй Харилцаа холбооны зохицуулах хороонд хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлийг сааруулах үүрэг оноогоогүй байна. 2016 оны 3 дугаар сард ХХЗХ-оос “Харилцаа холбооны салбарт зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ыг баталсан. Энэхүү  аргачлалын дагуу давамгай, эсвэл зүй ёсны монополь байдалтай нь тогтоогдвол тухайн байгууллага “бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана”.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу өгнө. Хэрэв өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл татгалзсан дүгнэлтийг гаргана. Дээрх аргачлалын дагуу ХХЗХ-оос дараах байгууллагуудыг зүй ёсны монополь байдалтай хэмээн үнэлж, зарласан байна:

- Телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд ДДэш ТВ ХХК,

- Радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээний зах зээлд "Радио телевизийн үндэсний сүлжээ" УҮГазар,

Кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлд Сансар Кабель ТВ,  

- Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний зах зээлд Монгол шуудан ТӨХК,

- Интернетийн бөөний урсгал үйлчилгээниий зах зээлд “Жемнет” ХХK.

2016 оны 10 дугаар сарын байдлаар дээрх компаниуд нийлж, нэгдэх, өөрчлөн байгуулагдах хүсэлт гаргасан талаар мэдээлэл үгүй байна.

Хэвлэл мэдээллийн төвлөрлийг тусгайлан зохицуулдаг хууль, журам байхгүй учир энэ салбар дахь төвлөрлийн тухай ямар нэгэн албан ёсны тодорхойлолт байхгүй. Өрсөлдөөний тухай хуульд “зах зээлийн төвлөрөл“ гэж зах зээлд аж ахуй эрхлэгчийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдийн борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг” хэлнэ гэж тодорхойлсон ба чухам хичнээн хувийг эзэлвэл “төвлөрөл” хэмээн үзэх талаар тодорхой заагаагүй.

Хэвлэл мэдээллийн төвлөрлийг тусгайлан зохицуулдаг хууль байхгүй хэдий ч, Өрсөлдөөний тухай хууль, ХХЗХ-ны журамд зах зээл дэх давамгай байдлыг тогтоох, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зарим зохицуулалтыг бий болгосон. Эдгээр нь гагцхүү өргөн нэвтрүүлгийн болон цахим мэдээллийн хэрэгсэлд хамаарч буй бөгөөд, харин хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, төвлөрлийн асуудал огт зохицуулагдаагүй байна.

Мэдээлэл, харилцааны, өргөн нэвтрүүлгийн болон цахим мэдээллийн салбарт тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх тухай журамд ноёрхол үүсэхээс урьдчилан сэргийлэх ямар нэгэн зохицуулалт байхгүй.

Товчлон дүгнэвэл, хэвлэл мэдээллийн салбарт эзэмшлийн төвлөрлийг тусгайлан зохицуулах хууль, эрх зүйн зохицуулалт Монгол улсад байхгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн салбар, төрөл бүрт хөндлөн төвлөрөл үүсэхийг хуулийн дагуу урьдчилан сэргийлэх боломжгүй байна. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Дээрхийн улмаас энэхүү шалгуур үзүүлэлтийг Өндөр эрсдэлтэй  хэмээн үнэлэв.   

Холбогдох хүснэгтэн мэдээллийг Эрх зүйн орчин болон Баримт ID 11-ээс харна уу. 

Хэвлэл мэдээллийн давхар эзэмшлийн төвлөрөл

Энэхүү шалгуур нь телевиз, сонин, радио болон хэвлэл мэдээллийн бусад салбарын давхар эзэмшлийн сүлжээг үнэлэх зорилготой юм. Төвлөрлийн түвшинг Toп 8-ын хэмжүүрээр тогтоов.

Энэхүү шалгуурын дагуу давхар эзэмшлийн төвлөрлийн түвшинг тогтоохын тулд хамгийн өндөр орлоготой 8 компанийн орлогын дүн нь хэвлэл мэдээллийн салбарын нийт орлогод хичнээн хувийг эзэлж буйг тооцоолдог.

Хэрэв компаниудын орлогын мэдээлэл байхгүй бол давхар эзэмшлийн сүлжээг хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувиар нь тооцоолно. Энэ тохиолдолд үр дүн нь тухайн компанийн эдийн засгийн чадавхийг илэрхийлэхгүй. Харин хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь авч үзвэл тухайн компанийн олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чадавхийг тодорхой хэмжээгээр харуулна.

Үр дүн:  

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүү, орлогын мэдээлэл бүрдээгүй тул үнэлгээний үр дүнг хэрэглэгчийн судалгаанд тулгуурлан гаргав.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааг зөвхөн телевиз үзэгчдийн дунд тогтмол явуулж байна. Сонин, сэтгүүлийн хувьд Хэвлэлийн Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 2016” эмхэтгэлийг ашиглах боломжтой байв. Радио болон цахим мэдээллийн хэрэгслийн хувьд Хэвлэлийн Хүрээлэнгээс хамгийн сүүлд хэрэгжүүлсэн санал асуулгын судалгааны дүнг ашигласан. Уншигч, сонсогчдын дунд явуулсан санал асуулгын дүн нь тухайн мэдээллийн хэрэгслийн зах зээлд эзлэх хувийг төдийлөн нарийн илэрхийлэхгүй тул давхар эзэмшлийн төвлөрлийн үнэлгээг зөвхөн барагцаалж гаргасныг анхаарна уу.

Судалгааны аргачлалын дагуу Топ 8 компанийн хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувийг тооцоолох ёстой байсан боловч Монголын зах зээл бага, хүн ам цөөнийг харгалзаж, Топ 4 компанийн хэрэглэгчийн мэдээллээр энэхүү шалгуурыг үнэлэв.

Телевизийн зах зээлд хэрэглэгчийн хувь хэмжээгээр дараах мэдээллийн хэрэгсэл Топ 4-т багтсан байна:

Топ телевиз/ эзэмшигч

Хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувь

МҮОНТ (Олон нийтийн өргөн нэвтрүүлэг)

18,1 %

Монгол ТВ / Гацуурт компани

5,5 %

UBS / Улаанбаатар Телевиз ХХК

3,4 %

TV9 / Медиа Холдинг ХХК

3,3 %

Бүгд

30,3 %

Телевиз эзэмшдэг топ 4 компаниас зөвхөн Медиа Холдинг хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл буюу Зууны мэдээ сонинг давхар эзэмшиж байна. 
Олон нийтийн телевиз нь мөн топ радиогийн жагсаалтад багтаж буй Олон нийтийн радиог “давхар эзэмшдэг.”

Сонины хувьд борлуулалтаараа хамгийн өндөр хувь эзэлдэг дараах сонинууд Топ 4-т багтав:

Өндөр борлуулалт бүхий сонин

Борлуулалтаараа зах зээлд эзлэх хувь

Өдрийн сонин /Өдрийн мэдээ ХХК

24,9 %

Өнөөдөр /Монгол Ньюс Групп

15,8 %

Зууны мэдээ / ЗГМС ХХК

12,0 %

Үндэсний шуудан / Моодун Хаан Групп ХХК

11,3 %

БҮГД

64,0 %

Сонин эзэмшиж буй топ компаниудаас хоёр нь телевиз давхар эзэмшиж байна: ЗГМС ХХК Медиа Холдинг ХХК-гаар дамжуулж ТВ9-ийг эзэмшдэг бол Монгол Ньюс Групп нь ЖААГ ХХК-г эзэмшдэг бөгөөд уг компанийн мэдэлд MN 25 суваг ТВ багтаж байна.

Радиогийн зах зээлийг барагцаалан үнэлэхдээ Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн санал асуулгын судалгаагаар хамгийн олон сонсогчтой Топ  4 радиог тодруулав. Үүнд дараах радио болон тэдгээрийн эзэмшигчид багтаж байна:

Хамгийн олон сонсогчтой радиогийн эзэмшигч байгууллага

Түгээмэл суваг

Олон нийтийн радио

Олон нийтийн радиогийн 106.0 суваг

Агрегатор ХХК

Шинэ Монгол радио 101.7

Салхи Энтертэйнмент ХХК

Гэр бүлийн радио  104.5

Эх элгэн нутаг ХХК

Элгэн нутаг  FM 96.9

Бүгд

Хэрэглэгчийн зах зээлийн 36 орчим хувь

Хамгийн түгээмэл радио компаниудаас зөвхөн Олон нийтийн радио Топ 4-т багтсан телевизийг “давхар эзэмшдэг.”

Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд  мөн Хэвлэлийн Хүрээлэнгийн санал асуулгын судалгаанд үндэслэж, хамгийн олон хэрэглэгчтэй цахим сайтуудыг тодруулав. (D-1-ийг үзнэ үү) Судалгаагаар дараах дөрвөн сайт хэрэглэгчийн зах зээлд голлох байр суурийг эзэлж байна:

Цахим сайт, эзэмшигч компани

Тухайн сайтад “өчигдөр” болон “өнөөдөр” зочилсон хэрэглэгчийн  хувь хэмжээ

Gogo.mn / Монгол Контент ХХК

18 %

News.mn / Ньюс Агентлаг ХХК

18 %

Olloo.mn / Оллоо ХК

9 %

Ikon.mn / Бенекрафт ХХК

7 %

Бүгд

52 %

Эдгээр цахим мэдээллийн хэрэгслээс аль нь ч өөр ТОП мэдээллийн хэрэгслийг давхар эзэмшээгүй байна.

Дээрхээс харахад, хэвлэл мэдээллийн салбарын гол эзэмшигчдийн аль нь ч хэрэглэгчийн зах зээлд давамгайлах байр суурь эзлээгүй бөгөөд хоёр нь хэвлэл мэдээллийн 2 өөр төрлийн хэрэгсэл эзэмшиж байна. Энэхүү үзүүлэлт нь хэвлэл мэдээллийн голлох компаниудын эдийн засгийн хүчин чадлыг бус, гагцхүү олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чадавхыг илэрхийлж буй.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн аргачлалын дагуу тухайн зах зээлд голлох үүрэгтэй компаниуд нийт хэрэглэгчийн 50-аас доош хувийг эзэлж байвал давхар эзэмшлийн төвлөрлийн түвшин “бага” байна хэмээн үнэлдэг.

Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол дахь хэвлэл мэдээллийн давхар эзэмшлийн төвлөрөл бага байна хэмээн тодорхойлж байна.

Хэвлэл мэдээллийн давхар эзэмшлийг зохицуулах эрх зүйн баталгаа

Хэвлэл мэдээллийн давхар эзэмшлийн сүлжээг (сонин, радио, телевиз гэх мэт хэд хэдэн төрлийн мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг) хязгаарлах зорилго бүхий эрх зүйн зохицуулалт (салбарын тусгайлсан хууль, эсвэл өрсөлдөөний тухай хууль) байдаг эсэх, тэдгээрийг бодитоор хэрэгжүүлдэг эсэхийг энэхүү шалгуурын дагуу тодруулна. Улс орон бүр олон ургальч байдлыг хангах янз бүрийн босго, хязгаарлалттай байдаг учир тухайн орны хууль дүрэм, орчин нөхцлөөс хамаарч төвлөрлийн “өндөр эрсдэл” байгаа эсэхийг тодорхойлдог.

Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн давхар эзэмшлийг хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс давхар эзэмшлийн сүлжээг хянах үүрэг бүхий байгууллага байхгүй. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн зах зээл дэх компаниудын нэгдэх, өөрчлөн байгуулагдах үйл явцыг үр дүнтэйгээр хянах тогтолцоо дутмаг (3 дугаар шалгуурын тайлбарыг үзнэ үү).

Дээрх байдлын улмаас энэхүү шалгуурын дагуу Монголын хэвлэл мэдээллийн олон ургальч байдал Өндөр эрсдэлтэй хэмээн үнэлж байна.  

Холбогдох хүснэгтэн мэдээллийг Эрх зүйн орчин болон Баримт ID 11-ээс харна уу. 

Эзэмшлийн ил тод байдал

Энэхүү шалгуурын тусламжтайгаар хэвлэл мэдээллийн эзэмшигчдийн улс төрийн хамаарлын талаарх мэдээллийн ил тод байдлыг үнэлэв.

Хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгслийг бүртгэх журамд эзэмшил, тэдний хувь хэмжээг ил тодоор зарлах тухай зохицуулалт байхгүй (Шалгуур 7 болон эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү) тул ялангуяа сонины эздийн талаар дүгнэх хүндрэлтэй байв. Сонины нэг нь ч идэвхтэй ил тод байдлын болзлыг хангаагүй, 12 сониноос 8-нх нь эзэмшлийн мэдээлэл байхгүй. Цахим мэдээллийн 10 хэрэгслийн нэг нь идэвхтэй буюу өөрийн санаачилгаар мэдээллийн ил тод байдлыг хангадаг, тав нь мэдээлэл огт өгөөгүй.  

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевиз, радиогийн эзэмшлийн ил тод байдлыг шаарддаг. Гэвч эздийн мэдээлэл бүрэн бус байдгаас гадна ХХЗХ-ны цахим хуудаснаас эзэмшлийн мэдээллийг олж авах нь энгийн иргэдэд тийм ч хялбар бус. 2016 оны 10 дугаар сарын байдлаар эзэмшлийн мэдээллийг шинэчлэх, ил тод байдлын шаардлагыг хангаагүй байгууллагатай хариуцлага тооцох арга хэмжээ аваагүй байв. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэмшлийн ил тод байдлыг үнэлэхдээ харьцангуй эерэг хандлагаар үнэлснийг дурьдах нь зүйтэй. Тухайлбал утсаар удаа дараа нь холбоо барьж, байгууллага дээр нь биечлэн очиж шаардлагатай мэдээллийг нэхэж авсан байгууллагыг “идэвхгүй ил тод” хэмээн үнэлсэн. 

Үр дүн:

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн эздийн улс төрийн хамаарлын талаарх мэдээллийг эрэн сурвалжлагаар л олж мэдэх боломжтой. ХХЗХ-ны журмаар эзэмшлийн ил тод байдлыг шаарддаг боловч өөрийн болон ашиг сонирхол бүхий бусад этгээдийн улс төрийн хамаарлыг ил тод байлгахыг нэхдэггүй.

Өргөн нэвтрүүлгийн байгууллагад  тусгай зөвшөөрөл олгох, худалдах, нэгдэх үйл явцын хэрхэн явагдаж буйн талаарх мэдээлэл ил тод бус.

Судалгаанд хамрагдсан 39 байгууллагын 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч нь улс төрийн тодорхой хамааралтай байв.

Ялангуяа уламжлалт хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл болон телевизийг улс төрийн хамаарал бүхий этгээд үүсгэн байгуулсан, эсвэл эзэмшиж байна. Судалгаанд хамрагдсан нэг сониноос (Улс төрийн тойм, эзэн нь НШМ ХХК), улс төрийн тодорхой хамааралтай. Үүнтэй нэгэн адилаар судалгаанд хамрагдсан бүх телевизээс нэг нь л одоогоор улс төрийн хамааралгүй (Монгол ТВ, эзэмшигч нь Гацуурт Групп).

Харин радиогийн хувьд ядаж тэгш харьцаатай: зургаан радиогийн гурав нь улс төрийн хамааралгүй. Эдгээрт Гэр бүлийн радио 104.5 эзэмшигч нь Салхи Энтертэйнмент ХХК; Элгэн Нутаг FM 96.9 эзэмшигч нь Эх элгэн нутагт ХХК болон Арга билэг 95.7 эзэмшигч нь Хүүхэд Ирээдүй Соёл Боловсрол Сан.

Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд ч ихэнх нь хараат бус биш.  Эзэмшлийн мониторингд хамрагдсан 10 сайтын 7  нь улс төрийн хамааралтай. Жишээлбэл itoim.mn–ийн үүсгэн байгуулагч болон хамтран эзэмшигч нь УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга.

Хараат бус www.ikon.mn–ийг Benecraft ХХК эзэмшдэг бол www.eagle.mn-ийг Mongol Mass Media Group; www.shuud.mn-ийг Interactive Media ХХК эзэмшиж байна.   

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлын үнэлгээний үр дүн:: Нийт 73 мэдээллийн хэрэгсэл болон эздээс  33-ынх нь мэдээлэл огт байхгүй. (45, 21 хувь). Гэвч судалгааг хэрэгжүүлсэн мэргэжлийн баг ихэнх тохиолдолд  албан бус эх сурвалжаас мэдээлэл олж авч чадсаныг тэмдэглэх нь зүйтэй.

Товчлон дүгнэвэл 39 мэдээллийн хэрэгслээс:

“Идэвхтэй ил тод”: 4 мэдээллийн хэрэгсэл (сониноос 0 хувь, телевизээс 2 ТВ буюу 5,13 хувь, 1 радио буюу 2,56 хувь, 1 сайт буюу 2,56 хувь, нийт 10,26 хувь нь өөрийн санаачилгаар эзэмшлийн ил тод байдлыг хангаж байна.

“Идэвхгүй ил тод”: 18 мэдээллийн хэрэгсэл (4 сонин (10,26 хувь), 5 TВ (12,82 хувь), 5 радио (12,82 хувь), 4 цахим мэдээллийн сайт (10,26 хувь)
Нийт 46,15 хувь

“Мэдээлэл байхгүй”: 17 мэдээллийн хэрэгсэл  (8 сонин,  4 TВ, 0 радио, 5 сайт)
Нийт  43,59 хувь

Нийт  34 эзэмшигч компаниас :

“Идэвхтэй ил тод”: 3 = 8,82  хувь
Идэвхгүй ил тод”: 15 = 44,12 хувь
Мэдээлэл байхгүй”: 16 = 47,06 хувь

Нийт 73 мэдээллийн хэрэгсэл болон эзэмшигчийг судалгаанд хамруулснаас 33-ынх нь мэдээлэл огт байхгүй (45,21 хувь).

Үүний улмаас хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлын олон ургальч байдалд учруулж буй эрсдэл Дунд хэмээн үнэлэв. Шалгуур:

БАГА (1)

ДУНД (2)

ӨНДӨР (3)

ИЛ ТОД БАЙДАЛ

6.1

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн нээлттэй,  ил тод байдлыг та хэрхэн үнэлэх вэ?

 

Хэвлэл мэдээллийн эзэмшигч, тэдний улс төрийн  харьяаллын  талаарх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байдаг (Идэвхтэй ил тод байдал)

 

 

 

Түүврийн >75 % -д хамаарах бол энэ үнэлгээг өгнө

Хэвлэл мэдээллийн эзэмшигч, тэдний улс төрийн харьяаллын талаарх мэдээллийг сэтгүүлчид, идэвхтэн бичигчдийн эрэн сурвалжлагаар, эсхүл иргэдийн мэдээлэл авах хүсэлтээр ил болгох боломжтой.

(Идэвхгүй ил тод байдал, мэдээлэл олон нийтэд нээлттэй)

 

 

Түүврийн >50%-д хамаарах бол энэ үнэлгээг өгнө

Хэвлэл мэдээллийн эзэмшигч, тэдний улс төрийн харьяаллын талаарх мэдээлэл хаалттай бөгөөд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээллийг ил болгох  ажиллагаа амжилтгүй байдаг .

(Мэдээлэл хаалттай, идэвхтэйгээр нуун дарагдуулдаг)

 

Түүврийн < 50% -д хамаарах бол энэ үнэлгээг өгнө

 

 

Зохицуулалтын баталгаа: Эзэмшлийн ил тод байдал

Энэхүү шалгуураар хэвлэл мэдээллийн эзэмшил, хяналтын ил тод, нээлттэй байдлыг хангах зохицуулалт байдаг эсэх, тэдгээр нь үр дүнтэй хэрэгждэг эсэхийг үнэлэв. 

Үр дүн: 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл бусад аж ахуйн нэгжийн адил бүртгүүлэх ёстой боловч эзэд, компанийн хувь хэмжээ, орлогоо ил тодоор мэдүүлэх үүрэггүй. Сонин хэвлэлийн компанийн эзэмшлийн мэдээллийг ил тод болгох илүү нарийвчилсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд мөн ХХЗХ-нд бүртгүүлэх ёстой боловч зөвхөн “Холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах”-ыг шаарддаг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн “үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өргөн нэвтрүүлгийн хараат бус байдлыг хангах, нээлттэй, ёс зүйтэй байдлыг эрхэмлэх зорилгоор тусгай зөвшөөрлийн эзэмшлийг олон нийтэд ил тод байлгана” хэмээн заасан. Уг журмын дагуу  өргөн нэвтрүүлгийн байгууллагын эзэмшигчийн нэр, хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувь хэмжээг, (гадаад улсын хөрөнгө оруулалттай бол аль улсынх болохыг) мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, дэлгэрэнгүй хаяг, харилцах утас, хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, удирдах ажилтнуудын нэр, иргэншил зэргийг Зохицуулах хороонд албан бичгээр мэдэгдэнэ.

2016 оны 10 дугаар сарын байдлаар ХХЗХ-ны цахим хуудсанд 16 үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн ТВ, 25 Улаанбаатар хотын FM радио, орон нутгийн 73 телевиз, 56 кабелийн суваг дамжуулах үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигчдийн компани, үүсгэн байгуулагч болон захирлын нэрийг нийтэлсэн байна.

Эзэмшлийн хувийн талаарх мэдээллийг журмын дагуу нийтэд ил болгоно гэсэн боловч цахим хуудсанд ийм мэдээлэл байхгүй. Харилцаа холбооны цахим хуудсанд иргэн бүр нэвтрэн орж, эдгээр мэдээллийг олж авах боломжтой боловч эзэмшлийн мэдээлэл нь иргэдэд зориулсан хуудсанд бус, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуудсанд байрлах бөгөөд хайж олоход тодорхой хүчин чармайлт шаардлагатай.

2015 оны нэгдүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулиар хориглосноос бусад улсын бүртгэлийн мэдээлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын цахим хуудсанд нээлттэй байхаар болсон юм. Гэвч тодорхой байгууллагын талаар мэдээлэл авахын тулд уг байгууллагын бүртгэлийн дугаар шаардлагатайгаас гадна компанийн эздийн хувь хэмжээ, дүрэм гэх мэтийн дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авах боломжгүй байна.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, шаардлагыг биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар, шаардлага өгөх, захиргааны хариуцлага хүлээлгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэх, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай сануулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авна. Гаргасан зөрчил болон зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.  2016 оны 10 дугаар сарын байдлаар эзэмшлийн ил тод байдлын тухай нөхцлийг хангаагүйн улмаас аль нэг өргөн нэвтрүүлгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна.  (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Монгол улс дахь хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт сул байгаа дээр дараах хоёр практик хүчин зүйл нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна:

1) Хэвлэл мэдээллийн салбарын хуулийн этгээдийн ихэнх нь эцсийн ашиг хүртэгчдийг ил тод мэдээлдэггүй буюу бүртгүүлдэггүй;

2)  Хэвлэл мэдээллийн байгууллага өөр нэг хуулийн этгээдийн эзэмшилд байх тохиолдолд тухайн цаад эзэмшигчийг ил тод болгох үүрэг, зохицуулалт байхгүйн улмаас ийм практик байхгүй (хуулийн цоорхой).

Эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт сул байгаагаас гадна хэрэгжилт нь дулимаг. Үүний зэрэгцээ цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол улам бүр нэмэгдэж буй хэдий ч энэ төрлийн мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчдыг ил тод болгох зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь мэдээллийн олон ургальч байдлыг өндөр эрсдэлд оруулж байна.

Эрх зүйн зохицуулалтын 24 шалгуурын 18-д нь буюу 75  хувьд нь “үгүй” буюу “байхгүй” хэмээх  хариулт оногдож байна.

Тиймээс эзэмшлийн ил тод байдлын эрх зүйн зохицуулалт нь олон ургальч байдлыг ӨНДӨР эрсдэлд оруулж байна хэмээн дүгнэв. 

Холбогдох хүснэгтэн мэдээллийг Эрх зүйн орчин болон Баримт ID 11-ээс харна уу. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийн сүлжээний (улс төрийн) хяналт

Энэхүү шалгуур нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийн сүлжээний улс төрийн харьяалал, хяналтын эрсдлийг үнэлэх зорилготой. Түүнчлэн улс төрийн хамаарал бүхий мэдээллийн хэрэгсэл, түгээлтийн сүлжээний ялгаварлан гадуурхалт байдаг эсэхийг тодорхойлох юм.

Түгээлтийн хамгийн том сүлжээ гэж үндэсний зах зээлийн 15-аас дээш хувийг эзэлж буй байгууллагыг хэлнэ.

Улс төрийн хамаарал гэж тухайн сүлжээ/ байгууллага улс төрийн нам, бүлэг, намын дарга, улс төрийн албан тушаалтны мэдэлд байдгийг илэрхийлнэ.

Ялгаварлан гадуурхах үйлдэл гэж суваг дамжуулах болон түгээх үйлчилгээг хүртэх хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг хэт өндөр үнэ болон бусад хаалтаар зориудаар хязгаарлах үйлдлийг хэлнэ.

Үр дүн:

Судалгааны хүрээнд нарийвчилсан тооцоолол хийгээгүй бөгөөд үр дүнг тоймлон танилцуулж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийн сүлжээг улс төрийн хяналтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтын үнэлгээ: Өндөр эрсдэлтэй.

Сонин, телевиз, цахим мэдээллийн хэрэгслийн улс төрийн хамаарал өндөр буюу “эрсдэл өндөр”, зөвхөн радиогийн салбарт улс төрийн нөлөөлөл /хамаарал харьцангуй бага буюу “эрсдэл дунд” хэмээн дүгнэв.

Түгээлтийн сүлжээний хувьд улс төрийн хяналт өндөр учир олон ургальч байдлын “эрсдэл өндөр” хэмээн дүгнэж байна.

Тайлбар:  

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийн сүлжээг улс төрийн нөлөөллөөс хамгаалах, хараат бус байдлыг хангах эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. (7-р шалгуур болон Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү) 

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийг  улс төрийн хяналтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг  “Өндөр эрсдэлтэй” хэмээн дүгнэсэн. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн эздийн улс төрийн хамаарлын талаарх мэдээллийг эрэн сурвалжлагаар л олж мэдэх боломжтой. ХХЗХ-ны журмаар эзэмшлийн ил тод байдлыг шаарддаг боловч өөрийн болон ашиг сонирхол бүхий бусад этгээдийн улс төрийн хамаарлыг ил тод байлгахыг нэхдэггүй. Өргөн нэвтрүүлгийн байгууллагад  тусгай зөвшөөрөл олгох, худалдах, нэгдэх үйл явцын хэрхэн явагдаж буйн талаарх мэдээлэл ил тод бус.

Судалгаанд хамрагдсан мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь улс төрийн шууд болон шууд бус хамааралтай. Судалгаанд хамрагдсан 39 байгууллагын 29-ийнх буюу 74,36 хувийнх нь эзэн, хөрөнгө оруулагч нь улс төрийн тодорхой хамааралтай байв.

Ялангуяа уламжлалт хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл болон телевизийг улс төрийн хамаарал бүхий этгээд үүсгэн байгуулсан, эсвэл эзэмшиж байна. Судалгаанд хамрагдсан нэг сонин улс төрийн тодорхой хамааралгүй. Өөрөөр хэлбэл 12 сонины 11 нь буюу 91, 67 % улс төрийн хамаарал бүхий эзэн, хөрөнгө оруулагчтай. 

Үүнтэй нэгэн адилаар судалгаанд хамрагдсан бүх телевизээс нэг нь л одоогоор улс төрийн хамааралгүй (Монгол ТВ, эзэмшигч нь Гацуурт Групп). Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 11 телевизийн 10 нь буюу 90, 91 хувь нь улс төрийн ямар нэг хамааралтай.

Харин радиогийн зургаан радиогийн гурав нь буюу 50 хувь нь улс төрийн хамааралгүй. Эдгээрт Гэр бүлийн радио 104.5, эзэмшигч нь Салхи Энтертэйнмент ХХК; Элгэн Нутаг FM 96.9, эзэмшигч нь Эх элгэн нутагт ХХК болон Арга билэг 95.7, эзэмшигч нь Хүүхэд Ирээдүй Соёл Боловсрол Сан.

Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд ч ихэнх нь хараат бус биш.  Эзэмшлийн мониторингд хамрагдсан 10 сайтын 7 нь буюу 70 хувь нь улс төрийн хамааралтай. Жишээлбэл www.itoim.mn –ийн үүсгэн байгуулагч болон хамтран эзэмшигч нь УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга. Хараат бус сайтуудад; www.ikon.mn–ийг Benecraft ХХК эзэмшдэг бол www.eagle.mn-ийг Mongol Mass Media Group; www.shuud.mn-ийг Interactive Media ХХК эзэмшиж байна.  

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Шалгуур 6, улс төрийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба эздийн тухай хэсгүүдээс үзнэ үү.

Ийм учраас сонин, телевиз, цахим мэдээллийн хэрэгслийн улс төрийн хамаарал өндөр буюу “эрсдэл өндөр”, зөвхөн радиогийн салбарт улс төрийн нөлөөлөл /хамаарал харьцангуй бага буюу “эрсдэл дунд” хэмээн дүгнэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх эрх мэдэл бүхий байгууллагууд бүгд Засгийн газарт харъяалагддаг. Тухайлбал, Өргөн нэвтрүүлгийн болон цахим мэдээллийн хэрэгслийг зохицуулах, хариуцлага тооцох, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны даргыг Ерөнхий сайд 6 жилийн хугацаагаар томилдог. Өөрөөр хэлбэл томилгоогоор дамжуулж тусгай зөвшөөрөл олгох үйл явцад улс төрийн ашиг сонирхлын нөлөөлөл орох боломжтой.

Сүүлийн үеийн жишээ дурьдвал, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр www.amjilt.com вэб сайтын сэтгүүлч гэрэл зураг бүхий баримтан дээр тулгуурлан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл бичсэн. Тус сайтыг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр ХХЗХ-ны хар жагсаалтад бүртгэн, Монгол Улсаас хандах хандалтыг хаасныг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, 2015 оны 11 дүгээр сард хандалтыг сэргээлгэсэн байна. 

ХХЗХ-оос тусгай зөвшөөрөл олгох үйл явц хаалттай, олон нийтийн оролцоогүй, ил тод бус явагддаг бөгөөд харин нэгэнт гаргасан шийдвэр, тогтоолуудыг тус хорооны вебсайтаас олж унших боломжтой.

Хэвлэл мэдээллийн төвлөрлийг тусгайлан зохицуулдаг хууль байхгүй хэдий ч, Өрсөлдөөний тухай хууль болон ХХЗХ-ны журамд зах зээл дэх давамгай байдлыг тогтоох, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зарим зохицуулалтыг бий болгосон. Эдгээр нь гагцхүү өргөн нэвтрүүлгийн болон цахим мэдээллийн хэрэгсэлд хамаарч буй бөгөөд, харин хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, төвлөрлийн асуудал огт зохицуулагдаагүй байна.

Радио, телевизизийн суваг дамжуулах сүлжээний хувьд засгийн газраас жилд ойролцоогоор $1.2 сая ам долларыг орон нутгийн арван сувгийн сателлит дамжуулалтад зориулж төсөвлөдөг. Энэхүү үйлчилгээг хувийн DDish компани үзүүлж буй бөгөөд Телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд ноёрхох байр суурийг эзэлдэг (D-9). Радио долгионы тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төр нь радио долгион өмчлөгчийн хувьд радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно” гэж заасан. Тийнхүү төрийн өмнөөс радио долгион хуваарилах, өргөн нэвтрүүлгийн болон цахим мэдээллийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгох үүргийг ХХЗХ-нд олгосон.

Сонины түгээлтийн төрийн өмч бүхий Монгол шуудан компани ноёрхдог. Үүний зэрэгцээ Улаанбаатар пост, Скайпост, Түгээмэл шуурхай пост зэрэг хувийн компани шуудангийн үйлчилгээ үзүүлж байна.

Монголын зах зээлд  66  Интернэт үйлчилгээ үзүүлэгч компани өрсөлдөж буй бөгөөд эдгээрээс Univision, Sky Net, MobiNet зэрэг компаниуд голлох байр суурь эзэлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Шалгуур 3 болон Эрх зүйн орчны үнэлгээний хэсгээс үзнэ үү.

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээлтийг улс төрийн хяналтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг “Өндөр эрсдэлтэй” хэмээн дүгнэсэн болно. 

Хэвлэл мэдээллийн санхүүжилтийн (улс төрийн) хяналт

Энэхүү шалгуураар хэвлэл мэдээллийн зах зээл дэх төрийн нөлөөллийг тодорхойлов. Ялангуяа төрийн байгууллагын санхүүжилт бүхий сурталчилгааг ялгавартайгаар хуваарилах явдалд анхаарал хандуулсан болно. Энэ нь тодорхой мэдээллийн хэрэгсэлд төрийн байгууллагын зар сурталчилгааг илүүтэй байршуулах, засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг мэдээллийн хэрэгсэлд “хатуурхах” зэргээр илэрч болно.

Төрийн байгууллагын зар сурталчилгаа гэдэгт төсвөөс буюу төрийн байгууллагаас төлбөр төлж нийтэлж, нэвтрүүлсэн бүх төрлийн мэдээллийг багтаав.

Төрийн байгууллагын мэдээлэл сурталчилгаанд зориулсан төсвийг хэрхэн зарцуулах тухай тодорхой тогтсон дүрэм, журам байдаггүй бөгөөд төсвөөс хэвлэл мэдээллийн ямар байгууллагад хичнээн төгрөг зарцуулж буй нь ил тод бус. Тиймээс мэдээлэл сурталчилгааны зориулалтаар хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөөс хичнээн төгрөгний санхүүжилт авч байгаа талаар мэдээлэл байхгүй.

Төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчид зар, сурталчилгаа нийтлүүлэхдээ “хамгийн том мэдээллийн хэрэгсэл байх” ерөнхий таамгаар, эсвэл хамгийн хямд, эсвэл тухайн байгууллагын удирдлагын танил, хамаарал бүхий мэдээллийн хэрэгслийг сонгодог. Төсвийн хөрөнгөөр сурталчилгаа түгээх байгууллагыг нээлттэй тендерээр сонгон шалгаруулах практик байхгүй. (Эрх зүйн орчны болон зах зээлийн тухай хэсгийг үзнэ үү)

Хэвлэл мэдээллийн агуулгад хууль ёсны нөхцөл шаардлагаас бусад тохиолдолд хөндлөнгөөс нөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй ч, тухайлбал сурталчилгааны орлого хуваарилах нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй “хамтран ажиллах гэрээ байгуулах”, тухайн байгууллага, албан тушаалтны талаарх сөрөг мэдээллийг нийтэлж, нэвтрүүлэхгүй байх шаардлага тавих зэрэг нь хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй тохиолддог.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд оролцсон 12 сонины 3 нь төрийн болон зах зээлийн зар сурталчилгааны орлогынхоо талаар сайн дураар мэдээлэл ирүүлсэн. Мөн 6 радиогийн 4 нь, 11 телевизийн 2 нь, 10 сайтын 2 нь  зар сурталчилгааны орлогын талаар мэдээлсэн бол хэвлэл мэдээллийн 34 компанийн 10 нь мөн сайн дураар ийм төрлийн мэдээллийг судалгааны багт ирүүлсэн. (Хэвлэл мэдээлэл ба компани хэсгийг үзнэ үү) 

Төрийн зар, сурталчилгааны орлогыг хэвлэл мэдээллийн байгууллагад хэрхэн түгээх тогтсон дүрэм, стандарт, зохицуулалт байхгүй тул сурталчилгааны орлогоор дамжуулж мэдээллийн хэрэгслийг хянах улс төрийн хяналтын тухай шалгуурыг ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хэмээн үнэлэв.

Мэдээллийн агентлагийн (улс төрийн) хяналт

Энэхүү шалгуур нь өөр хоорондоо өрсөлддөг мэдээллийн агентлагуудын төрөл, хараат бус байдлыг үнэлэх зорилготой бөгөөд үүнд төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төрийн мэдэлд буй агентлагуудыг төрөөс хараат бус ажиллах чадвар зэргийг багтаадаг.

Үр дүн:

Монголд мэдээллийн нэг л агентлаг байдаг боловч энэхүү агентлаг нь олон улсын ижил төстэй мэргэжлийн агентлагуудаас ялгаатай. Монцамэ агентлаг одоог хүртэл төрийн мэдэлд байдаг бөгөөд удирдлагыг нь Ерөнхий сайд шууд томилдог. (1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу төр өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй байх ёсгүй.)

Социализмын үед Монцамэ нь албан ёсны мэдээний гол эх сурвалж байсан. Одоогоор тус агентлаг Англи, Орос, Хятад, Япон хэлээр долоо хоног тутмын зургаан сонин гаргаж байна. Судлаачдад өгсөн ярилцлагад уг агентлагийн мэдээллийн хэрэгслийг цахимаар захиалдаг хэмээн мэдэгдсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.  Монцамэгийн зах зээлд эзлэх хувийн талаар мэдээлэл байхгүй боловч  энэхүү хувь хэмжээ их байж чадахааргүй байна. 

Мэдээллийн Монцамэ агентлаг нь зах зээлд давамгайлах үүрэг гүйцэтгэдэггүй тул төрийн мэдэлд буй хэдий ч, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг эрсдэлд оруулдаггүй гэж хэлж болно. Тиймээс энэхүү шалгуурын дагуу олон ургальч байдлын эрсдэл бага хэмээн үнэлэв.

Мэдээллийн агентлаг зах зээлийн зарчмаар, мэргэжлийн түвшинд ажиллахгүй байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт, ялангуяа мэргэжлийн сэтгүүлзүйн чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг судалгааны явцад хэд хэдэн сэтгүүлч, редактор дурьдсан. Хэвлэлийн мэдээг шууд хуулж нийтэлдэг, нэг талын өрөөсгөл мэдээг цацдаг практик ч мэдээллийн агентлагийн тогтолцоо амьдралд хэрэгжихгүй байгаатай ямар нэг байдлаар холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. 

Холбогдох хүснэгтэн мэдээллийг Эрх зүйн орчин болон Баримт ID 11-ээс харна уу. 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ