Хэвлэл мэдээллийн зах зээл
Гуравхан сая хүн амтай Монгол улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ер бусын байдлаар цэцэглэж байна. 500 гаруй мэдээллийн хэрэгсэл энэ жижиг зах зээлд оршиж буй нь хэвлэл мэдээллийг бизнесийн зорилгоор бус, ашиг сонирхлын үйлчилгээ хэлбэрээр бий болгож буйг илэрхийлэх мэт.
Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн бизнесийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй бус. Гэлээ ч гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь ашиггүй ажиллаж буй бөгөөд өөр бусад орлогоос хамаарч буйг нь таахад тийм ч хэцүү биш. Нөгөө талаас, эзэмшигчид хэвлэлийн бизнесээс ашиг орлого олохоос илүү өөрсдийнхөө улс төрийн байр суурь, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах арга хэрэгсэл гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газраас нийтэлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Монголын ихэнх улс төрч хувийн бизнестэй байна. (Улс төрийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү) Тийнхүү улс төрчдийн эзэмшиж буй компаниудын хэд нь хэвлэл мэдээллийн зах зээлд хамааралтай байгааг шууд олж мэдэхэд бэрхшээлтэй. Дэлхийн зах зээлд өндөр эрэлт хэрэгцээтэй зэс, нүүрс, молибден, цайр, гянт болон алтны орд бүхий Монгол улсад мэдээллийн хэрэгсэл эзэмших нь чухал байх нь дамжиггүй. Гэвч сүүлийн үед Монголын эдийн засаг ч, хэвлэл мэдээллийн салбар ч хүнд хэцүү үеийг даван туулж байна. “Энэ орон таван жилийн хугацаанд эдийн засгийн огцом өсөлтөөс хар дарсан зүүд мэт хямрал руу шилжсэн” хэмээн 2016 оны наймдугаар сард CNN мэдээлж байлаа. Тавхан жилийн өмнө Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байсан. Харин одоо өрийн хямралд орж, дампуурал ч зарлах бололцоотой болоод байна. “Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байсан Монголын аз ахархан хугацаанд буцсан юм. Энэ орон асар их байгалийн баялагтай бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тэрбумаар нь татаж байв. Гэвч дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хямрал, тус улсын экспортын дөрөвний гурвыг эзэлж байсан Хятадын эдийн засгийн хямрал зэргээс улбаалаад эдийн засгийн өсөлт нь хямрал болж хувирсан”
Үнэхээр ч Монголын эдийн засаг уул уурхай болон ноолуураас хамаардаг бөгөөд энэ хоёрын аль аль нь эдийн засгийн хямралд нөлөөлсөн. Уул уурхай нь усны нөөцөд сөргөөр нөлөөлж, түүхий нүүрсийг түлшиндээ хэрэглэдэг айл өрх нь агаарыг бохирдуулж, ноолуурын “эзэн” ямаа нь бэлчээрийн доройтолд нэмэрлэж байна. Тариан талбайгаа нэмэх зорилгоор атар газрыг эзэмших үйл ажиллагааг өргөжүүлсэн нь ч салхи, бороотой нийлээд хөрсний доройтлыг ихэсгэсэн.
Уул уурхай Монголын эдийн засгийн орлогыг бүрдүүлэгч гурав дахь том салбар бөгөөд экспортын 89 хувийг эзэлдэг. Түүнчлэн Монгол улс түүхий ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог. Үүний зэрэгцээ аялал жуулчлал дотоодын орлогын тав орчим хувийг эзэлж байна.
Том зах зээл: олон нийтийн үзэл бодолд нөлөөлөхүй
Монголд эдийн засгийн тэмцэл нь үргэлж улс төрийн тэмцэл байдаг бөгөөд хоёр том нам нь олон нийтийн үзэл бодолд нөлөөлөхийн төлөө хоорондоо тэмцэлддэг. 1990-ээд оны эхээр зах зээл чөлөөлөгдөж, төрийн мэдлийн сонин, радио, телевиз ноёрхож байсан хэвлэл мэдээллийн салбарт хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгсэл оноор бий болсон.
Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эмхлэн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр тайланд мэдээлснээр, 2015 оны сүүл гэхэд 485 мэдээллийн хэрэгсэл ажиллаж байв. Үүнээс 101 сонин, 69 радио, 131 TВ, 98 цахим мэдээллийн хэрэгсэл байна. (Хэвлэл мэдээллийн зах зээлийн орчин хэсгийг үзнэ үү)
Монголд бусад орны адил хэвлэл мэдээллийг эзэмших, эсвэл сэтгүүлчдийг худалдаж авах шалтаг шалтгаан олон бий. Ардчилал ба хувьчлал эхэлсэн тэр үеэс л улс төр ба хэвлэл мэдээлэл хоорондын хэрүүлийн хамгийн том алим нь авилгалын асуудал байсан.
“Эдийн засгийг оргүй хоосноос шинээр хөгжүүлж эхэлсэн. 26 настай эдийн засагч Золжаргалын санаачилсан эрхийн бичгээр хүн бүр хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авах боломжтой болсон. Хамгийн сэргэлэн Монголчууд нь бусдын хувьцааг худалдан авах замаар бүтэн компанийг эзэмшилдээ авч байв. Гэвч бүх зүйл дардан замаар хөгжөөгүй бөгөөд авлигын хэрэгт олон хүнийг буруутгасан. Тэдний нэг нь Золжаргалын ах байсан бөгөөд түүнийг гадаадын хөрөнгийн зах зээлд мөрийцөж, Монголын алтны нөөцийг (150 сая Ам доллар) алдсан гэх хэргээр шоронд хорьсон тухай төрийн мэдлийн Монгол Мессенжер сонинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч Майкл Кон мэдээлж байв. Шоронд хоригдсон нь хэвлэл мэдээллээр цацагдсан дуулиан шуугиан, олон нийтийн дургүйцэлтэй холбоотой байсныг үгүйсгэх аргагүй.
Уул уурхайн салбарын талаар мэдээлэх зүйл их бөгөөд ихэнхдээ л муу мэдээ байдаг. 2015 онд Нээлттэй Нийгэм Форум Уул уурхайн яамтай хамтран төрийн болон холимог эзэмшлийн уул уурхайн есөн компанийн засаглалын үнэлгээг хийсэн. Судалгааны үр дүн "Оюутолгой ХХК-гаас бусад бүх компанийн засаглал маш муу" байгааг харуулсан юм.
Байнга яригддаг Оюутолгой 2011 онд ч бас хэвлэл мэдээллийн бай болж байв. 2011 онд Хил хязгааргүй сэтгүүлчид дараах мэдэгдлийг гаргаж байсан юм: “Хил хязгааргүй сэтгүүлчид Гантөмөрийн Уянга, түүний нөхөр Авиагийн Баатархуяг нарыг баривчилсанд сэтгэл зовниж байна. Тэд Байгаль орчны сайд Лүймэдийн Ганхуягийг Өдрийн сонинд Канадын Айвенхоу Майнз компанитай Монголын Засгийн газар Оюутолгойн алт, зэсийг олборлох тухай гэрээ байгуулсны дараахан сая долларын үнэтэй байшинд нүүж орсон тухай шүүмжилсэн юм.” Яг энэ тохиолдлын хувьд нийслэлийн шүүхээс тавдугаар сарын таванд Г.Уянгыг эрүүгийн хуулиар шийтгэх тогтоолын хүчингүй болгосон билээ.
1998 онд “ардчиллын эцэг” Санжаасүрэнгийн Зориг амиа алдахад ч улс төр, бизнесийн томоохон ашиг сонирхлын тухай яригдаж байсан. Дэд бүтцийн сайд асан С.Зориг их хэмжээний мөнгөтэй холбоотой, тухайлбал Эрдэнэтийн уурхайтай холбоотой асуудлыг хариуцаж шийдвэрлэж байсан. Мөн С.Зоригийг намын нөхөр Ц.Элбэгдоржийн оронд Ерөнхий сайдаар томилох тухай яригдаж байсан. Ц.Элбэгдорж тухайн үедээ төрийн өмчийн Сэргээн босголт банкийг Ардчилсан намын гишүүний эзэмшлийн буюу хувийн Голомт банктай нийлүүлэх шийдвэрийнхээ төлөө сөрөг хүчний бухимдлыг төрүүлээд байв.
Удаах Ерөнхий сайд Ж.Наранцацралт долоон сар Засгийн газрыг толгойлсон. Гэвч тэрээр Эрдэнэтийн уурхайг Оросуудад хямд зарах гэж завдсан хэмээн хардагдаж, албан тушаалаасаа огцорсон билээ.
(Улс төрийн орчин нөхцөл болон Том бизнес & Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү)
Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдал дутмаг байна
Хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхэлж буйгаа нуух нь нэлээд чухал ажил бололтой. Эзэмшлийн ил тод байдлыг шаардах эрх зүйн зохицуулалт нь хангалттай бус. Сонин, сэтгүүл эрхлэн гаргахын тулд бүртгүүлэх шаардлагатай боловч тийнхүү бүртгүүлэхэд эзний тухай болон эрхлэн гаргагч компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээ чухал биш. Цахим мэдээллийн хэрэгслийг төрийн мэдлийн ХХЗХ-д бүртгүүлэх ёстой бөгөөд энэ төрлийн мэдээллийн хэрэгслийн хувьд ч ялгаагүй, эзэмшлийн ил тод байдлыг шаарддаггүй.
Эзэд, удирдлагын бүтцийг ил тод байлгах тухай ХХЗХ-ын журам байдаг бөгөөд энэ нь зөвхөн телевиз, радиод хамааралтай. Эздийн тухай мэдээллийг ХХЗХ-ны цахим хуудаснаас олж авах боломжтой боловч энгийн иргэдийн хувьд тэрхүү мэдээллийн байршил нь ойлгомж муутай. Мөн ийм төрлийн мэдээллийг байнга шинэчилдэггүй. Ил тод байдлын шаардлагыг биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ХХЗХ хариуцлага тооцох эрхтэй боловч 2016 оны 10 дугаар сарын байдлаар үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байв. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)
Эзэмшлийн ил тод байдлыг хуулиар шаарддаггүй учир мэдээллээ сайн дураар зарлах хэвлэл мэдээллийн байгууллага маш цөөн. Байгаа мэдээлэл нь зөрчилтэй. Жишээлбэл, 2011 онд Нэшнл Ньюс Корпораци байгуулагдаад, 2012 онд Блуумберг ТВ-ийг, 2014 онд Засгийн газрын мэдээ сонинг байгуулсан байна. Уг компанийн цахим хуудсанд мөн гудамжны сурталчилгааны дэлхийн томоохон компанийн салбар JCDecaux Mongolia-г эзэмшдэг тухай дурьдсан. Нөгөө талаар Блумбергийн цахим хуудсанд Блуумберг ТВ Монголиа нь Худалдаа Хөгжлийн Банкны охин компани болох тухай мэдээлсэн байна. (Эрх зүйн орчны үнэлгээний хэсгийг үзнэ үү)
Sources
CNN, “This country went from boom to economic nightmare in 5 years”, 2016
NHK World, Mongolian Cashmere Goes Global, 2016
Chinadialogue, Mining threatens Mongolia’s fragile environmental balance, 2016
Oxford Business Group, Mongolia's tourism sector looks to its natural assets to secure its future, (n.d.)
ikon next horizon, Independent Authority Against Corruption, graphic with businesses owned by parliamentarians and Cabinet members
Ministry of Mining Mongolia, Corporate Governance, Assessment of State-Owned and Partially State-Owned Mining Companies, 2014