Нийгмийн орчин нөхцөл
Монголд дэлхийн бусад бүх орны нэгэн адил бүх зүйл мэдээллээс хамаардаг. Гайхмаар үзэсгэлэнтэй байгалиас гадна энэ орныг давтагдашгүй болгож буй хэдэн хэдэн онцлог шинж чанар бий. Өнөөдрийн байдлаар Монголын 3 сая хүн 1.5 сая км2 газар нутагт амьдран суудаг бөгөөд хүн амын нягтралаараа дэлхийн хамгийн сийрэг орнуудын тоонд багтдаг.
Нийт хүн амын 95 хувь нь монгол, 4 орчим хувь нь казах үндэстэн бөгөөд тэдний ихэнх нь Монгол хэлээр ярьдаг. Нөгөө талаар Монголчууд бараг бүгдээрээ (98.2 хувь) бичиг үсэгт тайлагдсан байдаг.
Түүнчлэн Монголд шашны хагарал гэх зүйл бараг үгүй. Далан жил социалист нийгэм оршин тогтносон учир хүн амын 30 хувь нь өөрсдийгөө шашингүй хэмээн тодорхойлдог. 40 хувь төвдийн бурхны шашинд итгэдэг бол 20 хувь бөөгийн шашинтай. Социализмын үед бурхны шашны олон зуун сүм хийдийг устгаж, лам нарыг үгүй хийсэн боловч ардчилсан Үндсэн хуультай болсноос хойш бурхны шашин сэргэж байна.
Орчин үеийн хотожсон монголчуудын ихэнх нь гэртээ шашны эд зүйл, шүтээнтэй боловч шашны зан үйлийн хувьд эрт дээр үеийнхтэй харьцуулбал тийм ч идэвхтэй бус байж болох юм. Харин барууны шашныг түгээгчид Монголд хүчтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн амын 6 хувь нь өөрсдийгөө Христийн шашинтай гэж үзэж байна. Дөрвөн хувь нь исламын шашинтай бөгөөд тэдгээрийн ихэнх нь баруун хязгаарт амьдарч буй казах үндэстнүүд юм. Нийслэл Улаанбаатарт ч хэд хэдэн лалын шашны сүм байдаг бөгөөд шашны зөрчилдөөн, үл тэвчих хандлагын талаар тэр бүр яригдаад байдаггүй.
2015 он гэхэд нийт хүн амын 69 хувь хувь нь суурин хүн ам болж өсөв. 600 000 орчим хүнийг багтааж байсан нийслэл хотод өнөөдөр 1,3 сая хүн амьдарч байна.
Үлдсэн 31 хувийг бүрдүүлж буй хөдөөгийн хүн амын шилжилт хөдөлгөөн нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Эрс тэс уур амьсгал, цаг агаарын хүнд хэцүү нөхцлөөс гадна бэлчээрийн доройтол, байгаль орчны бусад асуудлууд тийнхүү хөдөөгийн иргэдийн нүүдэл суудалд нөлөөлж байна. Хээр талын тансаг өвс ногоогоор идээлж буй хэт олон хонь, ямаа, морь, тэмээ бий. Үүн дээр уул уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй ус, гол мөрний бохирдлын асуудлыг дурьдах хэрэгтэй. (Эдийн засгийн орчин нөхцлийн талаарх мэдээллийг үзнэ үү)
Мэдээж хэрэг энэ бүгд нь хэвлэл мэдээллийн хувьд олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх чухал асуудлууд мөн. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн өөрийнх нь нэр хүнд нийгэмд тийм ч сайнгүй байна.
Сэтгүүл зүйн соёл: Итгэл үнэмшил дутмаг. Хэт их төлбөртэй мэдээ
Хэвлэл мэдээллийн итгэл үнэмшил дэндүү сул. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн (ОНРТ) итгэл үнэмшил хамгийн өндөр. Гэсэн хэдий ч “маш их” итгэдэг иргэдийн хувь хэмжээ Телевизэд 44 хувь , радиод 25 хувь байгаа бол “зарим үед итгэдэг” гэх иргэдийн хувь хэмжээ тус тус 35 ба 26 хувь байна. Сонинд итгэдэг хүмүүсийн тоо бүр цөөн: иргэдийн 10 гаруйхан хувь нь “маш их итгэдэг”, 30 орчим хувь нь “зарим үед итгэдэг”. Онлайн мэдээллийн хэрэгсэлд итгэх хүний тоо үүнээс бага: хэрэглэгчдийн 5 хувь нь л “маш их” итгэж байхад 32 хувь нь заримдаа л итгэдэг гэж Хэвлэлийн Хүрээлэнгээс 2015 оны эцэст хийсэн судалгааны дүн мэдээлж байна.
Сонирхолтой мэдээлэл: Хөдөөгийн иргэд ОНРТ-д илүү итгэдэг. Нийслэлчүүдийн 34 хувь, орон нутгийн иргэдийн 54 хувь нь ОНРТ-д “маш их” итгэж байна. Ерөнхийдөө 55 ба түүнээс дээш насны иргэд хэвлэл мэдээлэлд илүү их итгэд хандлагатай. Харьцангуй өндөр настай болон орон нутгийн иргэдийн хамгийн их итгэдэг мэдээллийн хэрэгсэл бол Монголын Үндэсний Радио. Харин сонинд итгэдэг хүмүүсийн ихэнх нь 35 ба түүнээс дээш насны, мөн дээд боловсролтой хүмүүс байна.
Мэдээж хэрэг хэвлэл мэдээллийн салбарт шинэ эрх чөлөө ирэхэд шинэ мэргэжлийн хэм хэмжээ шууд бий болоогүй. 1998 онд “ардчиллын эцэг” С.Зориг амиа алдахад Америкийн сэтгүүлч Майкл Кон “Монголын сонинууд хов жив, дайралт, алуурчны тухай таамаглалаар дүүрсэн” хэмээн шүүмжилж байв. Мөн Айла Ромо Мёрфи “Монголын хэвлэл мэдээллийн түүхэн хөгжил” сэдэвт эрдмийн бүтээлдээ “Телевизийн хөтөлбөрийн чанарыг шүүмжилж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй огт байхгүй тухай ярьдаг байв” хэмээн дурьдсан.
Хэвлэл мэдээллийн агуулгын чанар яагаад дорой байгаа тухай Мягмарын Мөнхмандах “1921 оноос хойшхи Монголын хэвлэл мэдээллийн соёлын хөгжил” сэдэвт эрдмийн бүтээлдээ дурьдсан байдаг. Хил хязгааргүй сэтгүүлчдийн түншлэгч Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, тэрээр хэлэхдээ "Социализмын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл удирдагч намын даалгавраар, ухуулга сурталчилгааны индэр болж ажиллаж байсан нь өнөөгийн сэтгүүлзүйн соёлд нөлөөлсөөр байна” гэжээ.
Социалист сэтгүүл зүйн онолын дагуу “Хэвлэл мэдээлэл нь ажилчин ард түмэнд үйлчлэх” үүрэгтэй, “Нийгмийн эсрэг агуулга бүхий мэдээлэл түгээж буй хэрэгслийг нийгэм хянах, хариуцлага тооцох эрхтэй”, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгэм, ертөнцийн тухай бүрэн дүүрэн, бодит мэдээллийг Марксист-Ленинист зарчмын дагуу бэлтгэж түгээнэ.” Ромо- Мёрфигийн хэлсэнчлэн, “Мэдээллийн хэрэгсэл нийгмийн зорилгыг биелүүлэхэд туслах үүрэгтэй байв. Нийгэм гэдэг нь мэдээллийн хэрэгслийн супер баатар. Өөрөөр хэлбэл мэдээллийг хэрэгсэл нь зарцын үүрэгтэй, захирагдаж ажиллах ёстой, ингэхдээ бас төвийг сахих үүрэгтэй байжээ.” Далан жилийн турш Монголын сэтгүүлчдийг тийн сургаж, тэдэнд ийм л зарчмын дагуу хандаж ирсэн.
Хэт их ажиллаж, хөдөлмөрөө хэт бага үнэлүүлдэг сэтгүүлчид
Орчин үеийн Монголд ч сэтгүүлчдийн үүрэг хариуцлагыг албан тушаалтнууд хэрхэн ойлгож буй нь эргэлзээтэй. М.Мөнхмандахын эрдмийн бүтээлд “Монголын удирдагчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрийн бодлогыг олон түмэнд таниулах үүрэгтэй хэмээн үздэг” гэжээ. Гэтэл нөгөө талаар тэд сэтгүүлчдийн үүрэг, иргэдийн мэдээлэл авах эрхийг үгүйсгэх нь түгээмэл.
Асуудлын нөгөө талд нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын асуудал байна. ЮНЕСКО-гийн тайланд “өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн дүрмийг баримтлах явдал ховор” гээд “мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих нь түгээмэл, хариуцлага тооцох, илчлэх нь ховор байдаг” хэмээн дүгнэжээ..
Сэтгүүлчид эдийн засгийн хүнд нөхцөлд ажилладаг. Ихэнх сэтгүүлчийн цалин маш бага. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийн 57 хувь нь сэтгүүлч мэргэжилтэй, бараг бүгдээрээ дээд боловсролтой хэдий ч тэдний сарын дундаж цалин 780 000 төгрөг байдаг. Энэ нь 320 орчим Евро бөгөөд дунд түвшний төрийн албан хаагчийн цалинтай ойролцоо юм. Төрийн албан хаагчид орлогоо нэмэгдүүлж, зардлаа багасгах өөр эх үүсвэртэй байдаг бол сэтгүүлчдийн хувьд тэдний санхүүгийн эмзэг байдал төлбөртэй мэдээллийн үүд хаалгыг нээж өгдөг.
Сэтгүүлчдийн мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд олон төрлийн сургалт хийсээр нэлээн удаж байна.
Sources
UNESCO, Mongolia - Key Data: Society, (n.d.)
Mongolian Statistical Yearbook 2015, National Registration and Statistics Office
National Statistics Office Mongolia (english)
National Statistics Office Mongolia (mongolian language)
Romo-Murphy, Eila, The historical development of the Mongolian media landscape, PhD, Finland 2010
Dr. Munkhmandakh Myagmar, “Unterhaltungsanspruch im Wandel. Entwicklung der Medienkultur in der Mongolei seit 1921”, Dissertation Universität Leipzig, 1998
Michal Kohn, Dateline Mongolia – An American Journalist in Nomad’s Land, RDR Books, USA, 2007
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Ulaanbaatar
Public awareness and perceptions about Media Council, Press Institute of Mongolia 2015 (Mongolian language)
UNESCO Bejing, Assessment of Media Development in Mongolia, 2016