This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/02 at 09:47
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Том бизнес &Төлбөртэй мэдээ

Монгол бол баян улс, тийм ч учраас бизнес эрхлэгч, улс төрчдөд төдийгүй хэвлэл мэдээллийнхэнд ч ашиг сонирхлын тухай мэдээлэх нь тийм ч хялбар зүйл биш. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийн багийнхан улс төр ба мэдээллийн хэрэгслийн уялдаа шүтэлцээг ил болгох зарим жишээ баримтыг цуглуулсан юм. Үүнд монголын хэвлэл мэдээллийн мэргэжлийн нэр хүнд, итгэл үнэмшлийг хөсөрдүүлж буй захиалгат мэдээ, ийм төрлийн мэдээллийг цацуулах зорилго бүхий дарамт, авлигыг илчилсэн сэтгүүлчдэд үзүүлж буй шахалтын эх үүсвэр багтана. Мониторингийн судалгаанаас харахад “Төв Азийн залуу ардчиллын үлгэр жишээ болсон Монгол улс” мөн хэвлэл мэдээллийн ил тод бус эзэмшлийн асуудлаар ч ахисан түвшний туршлагатай мэт дүр зураг харагдаж байна. Дарангуйллын тогтолцооноос салсан ойр зэргэлдээх бусад оронтой харьцуулбал эндхийн хэвлэл мэдээлэлд учрах дарамт шахалт тийм ч ил биш. Монголд хэвлэлийн эрх чөлөөг илүү боловсронгуй аргаар хязгаарлаж, эздийн далд хорионд байлгаж байна. (Шалгуур үзүүлэлтүүдийг харна уу.)

Хэвлэл мэдээллийн хэргсэл болон эздэд тулгарч буй улс төрийн нөлөө

Хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулдаг байгууллагууд бүгд Засгийн газрын бүтцэд багтдаг тул эдгээрийн шийдвэрт Засгийн газраас шууд нөлөөлөх боломжтой. Жишээлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдийг улс төрийн шийдвэрээр томилох замаар тусгай зөвшөөрөл олгох үйл явцад нөлөөлөх боломжтой. 2004 – 2008 онд олгосон өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийн ихэнхийг Ардчилсан Намын гишүүн, холбогдол бүхий хүмүүс авсан бол дараагийн жилүүдэд олгосон тусгай зөвшөөрлийн эзэмшигчид ихэнхдээ Монгол Ардын намынхан байдаг. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Том улс төрд хамааралтай том бизнес  

Монголд бизнес, улс төр хоёр утга нэгтэй болоод удаж буй: Улсын Их Хурлын бараг бүх гишүүд хувийн компанитай. Энэхүү мэдээллийг Авлигатай тэмцэх газарт улс төрчдийн мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс авч болно. Дашрамд дурьдахад, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Улсын Их Хурлаар томилдог тул хараат бус байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй.  

Жишээлбэл Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сард үл хөдлөх гурван өмч, дөрвөн компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд нэг компанийг нь дангаар эзэмшдэг тухай мэдээлсэн байдаг. Тэрээр мөн 116 сая төгрөгийн (6000 Евро) үнэ бүхий гурван машинтай. (Улс төр, эдийн засгийн орчны үнэлгээ хэсгийг үзнэ үү)

Хэвлэл мэдээллийн зах зээлийг тухайн салбарын бизнес эрхлэгчид эзэмшиж буй хэмээн үзэх тун хялбар. Бодит байдалд энэ нь тийм ч тодорхой бус бөгөөд ер нь мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж буй талаар мэдээлэл олж авах нь нэлээн түвэгтэй.  

Авлигатай холбоотой алдарт хэрэг

1998 онд улс төрийн тогтворгүй байдлыг улам дордуулсан явдал болсныг Монголчууд санаж буй. “Ардчиллын эцэг” гэгдэх Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөхөд Улаанбаатар хотын төвд зул барьсан иргэд авлига, эрх мэдлээ урвуулан ашиглахын эсрэг жагссан юм. Ямар ч байсан С.Зориг бол 1996 онд сонгогдсон Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. Тэрээр асар их мөнгөтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хариуцаж байсны нэг нь Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр байв. С.Зориг өөрөө авилга авсан, өгсөн гэж хэн ч сэрддэггүй.  Харин их мөнгөтэй холбоотой хэн нэгний ашиг сонирхлыг хөндөж, дургүйцлийг нь төрүүлсэн байж болзошгүй гэсэн таамаг илүү түгээмэл байдаг.

С.Зоригийг намын нөхөр Ц.Элбэгдоржийн оронд Ерөнхий сайдаар томилох тухай яригдаж байсан. Элбэгдорж тухайн үедээ төрийн өмчийн Сэргээн босголт банкийг Ардчилсан намын гишүүний эзэмшлийн буюу хувийн Голомт банктай нийлүүлэх шийдвэрийнхээ төлөө сөрөг хүчний бухимдлыг төрүүлээд байв. Америкийн сэтгүүлч Майкл Коны үзэж буйгаар “Хууль бус, авлигын шинжтэй энэхүү үйлдэл нь Ардчиллын талын хэд хэдэн нөхрийг маш баян болгосон.”  Хоёр банкийг нийлүүлсэн тухай болон тэрхүү үйл явцын орчин нөхцлийн талаарх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргэж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон аж.

Гэсэн хэдий ч иргэд номхроогүй бөгөөд хасах хэмийн хүйтэнд Эрх чөлөөний талбайд сар гаруй эсэргүүцсэн. “Ардчилагчид яагаад олон түмний дургүйцлийг тэгтлээ хүргэснийг ойлгоход хэцүү биш. Тэд тансаг машин, тухайн үедээ хүн бүр барьж чаддаггүй байсан гар утсаар гангарч байсан нь тухайн үеийн дундаж цалин буюу сарын зуун доллараас хэтэрсэн тансаглал байсан юм” хэмээн Майкл Кон тайлбарлаж байв.

Харамсалтай нь С.Зоригийн аллагын талаар ч, авлигын асуудлаар ч, албан ёсны баримтыг нийтэд зарлаагүй. Гэхдээ улс төрийн хариу алхмыг тодорхой хэмжээгээр хийсэн. Парламент хуралдаж, зуун хувийн саналаар МонМакао компанид эрхийг нь олгоод байсан олон сая долларын казино байгуулах тендерийг хүчингүй болгосон юм. Мөн тендерийг шалгаруулах явцад авлига авсан хэргээр УИХ-ын гурван гишүүнтэй эрүүгийн хариуцлага тооцсон. “Энэ бол Монголын Уотергэйт байлаа. Анх удаагаа халдашгүй эрх бүхий улс төрчдийг шоронд хорив. Парламентын гишүүн гэдэг хуулиас дээгүүр байхын нэр биш гэдгийг анх удаа нийтэд зарласан. Их хурлын гишүүдийн зарим нь аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор үнэ цэнэтэй бэлэг сэлтийг ил тодоор буцааж эхэлсэн” хэмээн энэ үеийн үйл явдлуудын талаар Майкл Кон бичиж байлаа. Ямар ч байсан хоригдсон гурван улс төрчийн хоёр нь таван жилийн, нэг нь гурван жил хагасын ял эдэлсэн юм.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ж.Наранцацралт долоон сар Засгийн газрыг толгойлсон. Гэвч тэрээр Эрдэнэтийн уурхайг Оросуудад хямд зарах гэж завдсан хэмээн сэрдэгдэж, албан тушаалаасаа огцорсон.

Дээрх үйл явдлуудыг нийтэд дэлгэх, тэр бүр хэл улс төрчдийг баривчлах, ял шийтгэл оноох хүртэл үр дагаварт хүрсэн нь  хэвлэл мэдээлэлгүйгээр бүтэхгүй байлаа. Гэвч үүнээс хойш мэдээллийн хэрэгслээр тийм ч олон дуулианыг нэгэн дуугаар цацсангүй. Энэ нь “том” үйл явдал болохоо больсноос бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сул дорой байдалтай холбоотой хэмээн зарим сэтгүүлч үзэж байна. Улс төрчид илүү зузаан арьсаар өөрсдийгөө хамгаалж, мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг хүссэн зүгтээ чиглүүлж чаддаг болсны илрэл ч байж болно. Улмаар олон нийт ч энэ байдалд дасан зохицоод байна уу гэлтэй.

Жишээ дурьдвал, ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж банкны асар том дуулиантай нэр холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорч байсан хэрнээ 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай нэр дэвшээд, тэр бүү хэл ахин сонгогдож байна. Мөн онд УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт Швейцарын банкинд нэг сая доллар хадгалуулсан тухай дуулиан болсон хэдий ч тэрээр дэд даргын албан тушаалаас огцорч, парламентын гишүүн хэвээр үлдсэн.

2015 онд эрэн сурвалжлах сэтгүүлч, Монголиа Майнинг сэтгүүлийн эрхлэгч Лунтангийн Болормаа учир битүүлгээр нас барсан хэдий ч, дуулиан чимээ болоогүй. Тэрээр нас барахаасаа өмнө тухайн үеийн Нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт зориулсан их хэмжээний мөнгийг хувийн зориулалтаар ашигласан тухай бичиж байсан. Сэтгүүлчийн гэнэтийн үхлийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэхдээ, уг асуудалд эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй хэмээн мэдэгдсэн. Харин болсон явдлын талаар цагдаа ч, хууль тогтоох байгууллага ч, эрэн сурвалжлаагүй. Үүний оронд албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай сайд парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдож байна.

Улс төрийн намуудыг ч энд дурьдахаас аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат 2014 – 2015 онд өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн багт сангийн сайдын албан тушаал хашиж байсан. Тухайн үед Монголын хоёр том нам Оюу Толгой төслийн хоёр дахь шатны асуудлыг батлахын тулд хамтран ажиллав. Засгийн газар, Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг олон улсын Рио Тинто групийн хооронд маргаан гарсны улмаас хөрөнгө оруулалт нь зогсоод байсан юм. Ингээд эрх баригч болон сөрөг хүчний нам нэг завинд суун бизнесийн хамтын ашиг сонирхлоо хамгаалахаар ажиллаж байхад, ардчиллын дөрөв дэх багана ямар нэгэн байдлаар сэжигтэй наймааны талаар дуугарах болов уу хэмээн горьдож болно. Гэвч хэвлэл мэдээллийн амыг боох ажилд хоёр нам хүчээ нэгтгэн ажилласан нь тийнхүү гарч болох дуулианыг сэргийлсэн болов уу.

Сэтгүүлч Э.Лхагва энэ талаар: “Монголын хэвлэл мэдээлэл нотлоход бэрхшээлтэй асуудлаас, эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс болгоомжлох хандлагатай байдаг. Эзэд, зар сурталчилгаа өгдөг компани, эсвэл засгийн газрын даалгавраар үнэний дуу хоолой дарагдаж байна. Сэтгүүл зүйн сургалт сул. Цалин бага, урамшиж зоригжих хөшүүрэггүй сэтгүүлч, редакциуд чухал боловч зөрчилтэй асуудлыг шүүрч хөнддөггүйд гайхах зүйлгүй” гэв.  

Харин 2016 онд нэгэн онцгой зүйл болсон нь Монгол телевизийн ерөнхий продюсер, сэтгүүлч Э.Лхагва Панамын жагсаалт хэмээн алдаршсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хамтын бүтээлд оролцсон юм. Тэрээр Ерөнхий сайд асан С.Батболд, Ерөнхийлөгчийн гадаад хэргийн зөвлөх болон хотын дарга асны хүү зэрэг Монголын улс төрч, төрийн албан хаагчидтай холбоотой офшор компаниудын талаар баримт мэдээлэл олж чадсан байна. Панамын жагсаалтад орсон Монголын мэдээлэл олон нийтийн дунд ч, УИХ-д ч нэлээн шуугиан тарьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Гэвч парламентын “хэлэлцүүлэг” нь амьд гэхээсээ гажуу гэж хэлж болох хэлбэрээр явагдсаныг  дурьдах нь зүйтэй: “Холбогдох  улс төрчид болон тэдний намын дэмжигчид мэдээллийг үгүйсгэж,  шүүхэд өгнө хэмээн дарамталж, манай редакцийн багийг гутаахыг оролдсон” хэмээн сэтгүүлч Э.Лхагва ярьсан юм.

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд тулгарч буй дарамтыг дархалж байна

Ялангуяа Монголын үнэлж баршгүй гайхамшигт байгалийг худалдаж байхад сэтгүүлчдэд түгших зүйл их л байх учиртай.

Өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд бизнес эрхлэгчид болон улс төрчид сэтгүүлчдийн эрхэнд халдах нь энүүхэнд. Болохгүй бол хуулиа өөрчилнө. Тийм ч учраас 2009 онд батлагдсан гол мөрний сав газарт уул уурхай эрхлэхийг хориглосон хуулийг хэрэгжүүлэхийг 2013 онд Дээд шүүхээс Засгийн газарт даалгасан нь Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний идэвхтэн Ц.Мөнхбаярын хувьд түр зуурын л ялалт байв. 2013 онд УИХ урт нэрт хуулиа өөрчилж, Мөнхбаяр Засгийн газрын байрны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Хэд хэдэн мэдээллийн хэргсэл энэ талаар мэдээлсний дараа Тагнуулын Ерөнхий Газраас сэтгүүлчдийг дуудаж, эх сурвалжаа хэлэхийг шаардсан байна. 2014 онд ч хэд хэдэн сэтгүүлч, блогчийг Эрдэнэтийн уурхайн талаарх хоёр намын тохиролцооны тухай бичсэн шалтгаанаар Тагнуулын газар дуудаж, байцаажээ. 

Глоб Интернэшнл Төвөөс (ГИТ) эрхлэн гаргасан “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2012 – 2014”-д “Сэтгүүлчид хуулиас гадуурх эдгээр шаардлагыг заавал биелүүлэх хууль байхгүй. Гэхдээ хэрэв биелүүлэхгүй бол тэдний бүтээлийг албан ёсны эх сурвалжид тулгуурлаагүй хэмээн үгүйсгэх нь түгээмэл байдаг” гэжээ.

Гүтгэсэн хэмээн шүүхэд хандах нь өөр нэг боломж. 2011 онд Хил хязгааргүй сэтгүүлчид дараах мэдэгдлийг гаргаж байсан юм: “Хил хязгааргүй сэтгүүлчид Гантөмөрийн Уянга, түүний нөхөр Авиагийн Баатархуяг нарыг баривчилсанд сэтгэл зовниж байна. Тэд Байгаль орчны сайд Лүймэдийн Ганхуягийг Өдрийн сонинд Канадын Айвенхо Майнз компанитай Монголын Засгийн газар гэрээ байгуулсны дараахан сая долларын үнэтэй байшинд нүүж орсон тухай шүүмжилсэн юм.” Яг энэ тохиолдлын хувьд нийслэлийн шүүхээс Г.Уянгыг эрүүгийн хуулиар шийтгэх тогтоолын хүчингүй болгосон билээ.

ГИТ-ээс хэрэгжүүлсэн судалгаагаар 1999 – 2014 онд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг 354 иргэний,  32 эрүүгийн хэргийг гүтгэлгийн тухай заалтаар үүсгэжээ. Гэвч  гүтгэлгийг эрүүгийн бус, иргэний хуулиар шийдвэрлэдэг байх шаардлагыг хууль тогтоогчид тодорохой хэмжээгээр харгалзаж, 2015 онд баталсан Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүтгэлгийн тухай заалт оруулаагүй байна. Иргэний хуулийн хүрээнд сэтгүүлчдийг хүн гүтгэсэн хэргээр шийтгэх боломж нээлттэй хэвээр бөгөөд ийм тохиолдол нэлээд түгээмэл аж. (Эрх зүйн үнэлгээний хэсгийг үзнэ үү) 

Тусгай зөвшөөрлийг ч дарамтлах зорилгоор ашиглаж болно: Жишээ дурьдвал, 2014 оны долдугаар сард www.amjilt.com-д тухайн үеийн  Ерөнхий сайдын эзэмшлийн жуулчны бааз Туул гол руу бохироо цутгаж буй зурагт мэдээллийг цацжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг сайтыг “хууль зөрчсөн” шалтгаанаар хар жагсаалтад бүртгэж, Монгол улсаас нэвтрэх гарцыг нь хаасан. Тиймээс уг сайт шүүхэд хандсан бөгөөд, 2015 оны 11 дүгээр сард  сайтыг буцаан нээжээ. (Эрх зүйн үнэлгээний хэсгийг үзнэ үү)

Эцэст нь бас  зэрлэг амьтдын хууль бус наймааг дурьдах нь зүйтэй. Олон жилийн өмнө Монголын шонхор шувууны наймаа үндэсний хэмжээнд төдийгүй олон улсад алдартай байв. Арабын султан, ханхүү нар болон бизнес эрхлэгчид Монголоос шонхор шувуу худалдан авч  ангийн олз омгоо баяжуулахын тулд асар их мөнгийг төлдөг байв. Шонхор шувууны “мафи”-д  Туркменистан, Саудын Араб, Кувейт зэрэг олон орны засгийн газар, сайд, албан тушаалтан оролцдог тухай сэтгүүлчид нэлээд бичсэн. Тухайлбал Кувейт улс Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, 33 мянган ам долларын үнэтэй Тайширын усан цахилгаан станцыг зүгээр ч нэг санхүүжүүлээгүй байх.

Нью Йоркд төвтэй Дэлхийн Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэгээс Монгол улс зэрлэг амьтдын наймаагаар жилд зуун сая доллар олдог бөгөөд эдгээр нь бүгд хууль бус орлого хэмээн мэдэгдсэн.  Хэзээнээс ч юм иймэрхүү мэдээлэл шонхор шувуудтайгаа хамт алга болсон. Нүдэнд ил харагдахуйц юу үлдэж байна вэ гэвэл, 300 долларын цалинтай төрийн албан хаагчдын 40.000 долларын үнэтэй жийп машинууд л байна.

Улс төрийн соёл  – хэвлэл мэдээллийн соёл

2016 онд хэвлэгдсэн ЮНЕСКО-гийн тайланд “Улс төрч, эрх мэдэл бүхий бусад хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллага, редактор, сэтгүүлчдийг янз бүрээр дарамтлах замаар шүүмжлэлд хариу өгөх нь маш хялбар” хэмээн дүгнэжээ.

ГИТ-ийн мэдээлснээр,  2006 аравдугаар сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн 375 тохиолдол гарснаас 22 нь биед халдсан, 20 нь ажлын хэрэгсэл, тухайлбал дүрс бичлэгийн камер эвдсэн, 48 нь хууль бусаар баривчилж хорьсон тохиолдол байв.

Редакцийн хараат бус байдлыг зөвхөн Олон нийтийн радио, телевизэд хуульчлан баталгаажуулсан. Гэсэн хэдий ч уг хууль нь хэрэгждэггүй.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн зохицуулалт сул бөгөөд үр дүнгүй учир хэвлэл мэдээллийн эзэд болон зар сурталчилгаа өгдөг компаниуд редакцийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцдог. Эзэн, зар сурталчилгааны түншийг шүүмжилж үл болно гэсэн бичигдээгүй хууль сэтгүүлчдэд үйлчилдэг. (Эрх зүйн орчны үнэлгээний хэсгийг үзнэ үү)

Энэ нь өөрийн цензурыг өөгшүүлж, редакцийн хараат бус байдлыг ноцтой хязгаарладаг. Хэвлэл мэдээллийн удирдлагууд төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулах нь түгээмэл.  ГИТ-ын мэдээлснээр, тэрхүү гэрээ нь хамтрагчийн тухай шүүмжлэлт мэдээллийг цацахгүй байх заалтыг агуулдаг. Ийм нэг гэрээг сэтгүүлч, сонины эзэн байж байгаад УИХ-д сонгогдсон Г.Уянга илчилсэн юм. Тэрээр 2012 онд  Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монгол ТВ-д ярилцлага өгөхдөө Монголын алдартай улс төрч, сайд асны эзэмшдэг гэх офшор дансны тухай сэтгүүлчид дуугуй өнгөрсний шалтгаан нь дээр дурдсан “хамтран ажиллах гэрээ” байсныг дурьдсан юм.

Редакцийг хэрхэн дарамталдаг тухай өөр нэг жишээ: үнэн гэх зүйл бичсэн сэтгүүлчдийн өмнөөс редактор нь уучлал гуйсны дараа дөрвөн сэтгүүлч ажлаасаа гарчээ. ГИТ-ээс хэрэгжүүлсэн судалгааны тайланд “Монголын сэтгүүлчдийн дунд өөрийн цензур маш түгээмэл.Сэтгүүлч, редакторууд хөрөнгө оруулагч, зар сурталчилгаа өгдөг компаниудыг эмзэглүүлэхгүй байхыг хичээж, тодорхой эрх мэдэлтнүүдээс айдаг, мөн эзний тогтоосон нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг хэрэгжүүлэх тулгалтанд өртдөг. “Буруу” хүнийг шүүмжилж, “буруу” зүйл бичсэнийхээ төлөө халдлагад өртөх магадлал өндөр тул сэтгүүлчид шүүмжлэхдээ маш болгоомжтой байдаг.”

Мэргэжлийн сэтгүүлзүйг дампууруулж буй төлбөртэй мэдээ

Сэтгүүлчид эдийн засгийн дарамтанд ажилладаг. Ихэнх сэтгүүлч маш бага цалинтай. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, сурвалжлагч, редакторуудын  57 хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. Гэвч тэд сард дунджаар 780 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ нь ойролцоогоор 320 орчим Евро бөгөөд дунд түвшний төрийн албан хаагчийн цалинтай дөхүү юм. Ийм хэмжээний цалин нь төлбөртэй мэдээ буюу Монголчуудын өөрсдийнх нь хэлдэгээр “цэвэрлэсэн” мэдээний үүд хаалгыг нээж өгдөг. “Мэдээллийн хэрэгслийн ихэнх нь төлбөрэй мэдээлэл бэлтгэдэг, улс төрчид ч сэтгүүлчдийг хоолонд урьж, гадаадад аялуулах нь ховор бус. Сэтгүүлчид авлига авдаг тухай жишээ баримт хангалттай их бий. Тухайлбал цахим сайтуудын нэг нь Дүнжингарав худалдааны төвийн нээлтэд мянга гаруй сэтгүүлчийг урьж, тэднийг  Хятадын Хайнанд амрах эрхийн бичиг, эсвэл зөөврийн компьютерээр шагнасан” тухай бичсэнийг 2016 оны ЮНЕСКО-гийн тайланд дурьджээ.

Зарим уншигч үүнийг ойлгодог, зарим сэтгүүлч ил тодоор хэлдэг: хэвлэл мэдээллийнхэн улс төр, бизнесийн санхүүжилтээс хэт их хамаарч байна. Тийм ч учраас монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн сэтгүүл зүйн хэлбэрээр бэлтгэсэн төлбөртэй мэдээлэл байдаг. Ийм мэдээллийг өдөр тутмын сониноос ч, цаг үеийн мэдээллийн хөтөлбөрөөс ч харж болно. Харин хэрэглэгчид энэ төрлийн мэдээллийг “уншиж” сурсан нь эмгэнэлтэй биш үү? 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ