This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 11:13
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ?

90-ээд онд Монгол улс ардчилалд шилжсэнээс хойш мэдээллийн хэрэгслийн тоо эрчимтэй өссөн. Өнөөдрийн байдлаар гурван сая хүн амтай Монгол улсад 500 гаруй мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаа нь зах зээлийн багтаамжаас хол хэтэрсэн үзүүлэлт. Үүний учир нь хэвлэл мэдээллийн бизнест санхүүгийн ашиг орлого олох зорилгоор бус, өөр сонирхлоор  хөрөнгө оруулдагтай холбоотой байж болох юм. (Эдийн засаг, зах зээл, улс төрийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү)

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслийн түншлэгч байгууллага болох Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар 2016 оны эхээр Монголд 485 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байснаас 101 сонин, 69 радио, 131 ТВ, 98 цахим мэдээллийн хэрэгсэл  байв.

Гэвч эдгээр мэдээллийн хэрэгслээс хэн алийг эзэмшиж буйг мэдэж авах нь хялбар биш. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт нь дутмаг. Зөвхөн телевиз, радиогийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос эзэмшлийн ил тод байдлыг шаарддаг. Гэвч тийнхүү шаардлагын дагуу бүрдүүлж, ХХЗХ-ны сайт дээр нийтэлж буй эзэмшлийн тухай мэдээлэл нь бүрэн бус бөгөөд өөрчлөлт болгоныг шинэчлэх тухай зохицуулалт хэрэгжихгүй байна. (Эрх зүйн орчны үнэлгээ, Шалгуур 6 болон 7-г үзнэ үү.)

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнд  сонины болон цахим мэдээллийн хэрэгслийн салбарын төвлөрөл өндөр, телевиз, радиогийнх дунд түвшинд байна хэмээн үнэллээ.  (Эдийн засаг, зах зээлийн тухай болон Шалгуур 1 болон 2-ыг үзнэ үү)

Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд улс төрийн нөлөөлөл түгээмэл байна.

Хэвлэл мэдээллийн бизнесийн орлого санхүүгийн мэдээлэл үндсэндээ хаалттай байдаг. Гэлээ ч гэсэн Монголын зах зээл дэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь ашиггүй ажилладаг хэмээн таамаглах боломжтой. Тэгэхлээр хэвлэл мэдээллийн эзэмшигчид санхүүгийн ашгийн төлөө гэхээс илүүтэй улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулж, эсвэл худалдаж авч байна хэмээн үзэж болохоор байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн эздийн ашиг сонирхлын тухай мэдээллийг албан ёсоор нийтэлж, ил тод болгодоггүй бөгөөд идэвхтэй эрэл хайгуул, судалгаа хийж байж зарим мэдээллийг олж авах боломжтой. Харилцаа холбооны зохицуулах хорооны журмаар хэвлэл мэдээллийн эзэд, удирдах бүрэлдэхүүнийг ил болгох ёстой боловч тэдгээрийн ашиг сонирхлыг, тухайлбал гэр бүлийн гишүүд, улс төрийн намын харъяалал зэргийг нийтэд ил тод зарлах заалт байхгүй.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингд хамруулсан 39 мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн хамааралтай байв. (Улс төрийн орчин нөхцлийн тухай, мөн  Шалгуур 6 болон 8-ыг үзнэ үү)   

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн дарамт

Бизнес, улс төрийн нягт холбоо нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчдэд дарамт болж ирдэг. Тухайн мэдээллийн хэрэгсэл улс төрийн, эсхүл санхүүгийн хараат байдалд байх тохиолдолд олон нийтийн гэхээс илүү эзэн, санхүүжүүлэгчийн ашиг сонирхолд үйлчилнэ. Энэ нь юу гэсэн үг гэвэл сэтгүүлчид мэргэжлийн үүрэг хариуцлагаа хараат бусаар хэрэгжүүлэх боломжгүй бол хэлэх үгээ хянаж эхлэх буюу өөрийн цензур газар авна. Нөгөө талаас сэтгүүлчид хэт их ажлын ачаалалтай, хэт бага цалинтай учир мэргэжлийн үүрэг хариуцлагаа “төлбөртэй мэдээллээр” худалдах нь энгийн үзэгдэл болно. (Нийгэм, улс төрийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү)   

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ